Захын ойролцоо хяналтын жин байрлуулах санал дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-28 10:35:38
Өвөрхангай /МОНЦАМЭ/ 70321111 төрийн үйлчилгээ, албан хаагчидтай холбоотой санал, мэдээлэл авахаас гадна хувийн хэвшил, байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээлэл ирж байна.
Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Орхон супер маркетийг хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн зарж байна гэх мэдээлэл ирсний улмаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид очиж, шалгалт явуулан хугацаа хэтэрсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 1.2 сая төгрөгөөр торгосон. Тэгвэл энэ удаа тус дэлгүүрт борлуулж байгаа савласан бүтээгдэхүүн жиндээ хүрэхгүй байна гэх мэдээлэл ирсний улмаас хэмжил зүйн шалгалтыг явуулахаар болжээ.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд “Савлагаатай бүтээгдэхүүн худалдан авахдаа жин хэмжүүр дээр шалгаж бай” гэх мэдээллийг нийт иргэдэд сурталчилж, хэвшүүлэх үүргийг Мэргэжлийн хяналтын газрынханд өглөө. Савлагаа, жин хэмжүүрийн асуудал зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд ч бус мах, ноолуур гэх бүх хэмжих бүтээгдэхүүнд гардаг учраас захын ойр орчимд хяналтын жин байрлуулах талаар санал дэвшүүлсэн юм. 
70321111 утсанд Чандмань цэвэр ус үйлдвэрлэлийн талаар шалгалт явуулах хүсэлт ирсэн байна. “Газрын гүнээс савлаж байгаа гэдэг ч хатуулаг ихтэй байна. Тиймээс тухайн цэвэр усны бүтэц, химийн найрлага, хүний биед хэрэгтэй эрдэс, бодисыг ямар хэмжээтэй байгаа, цэвэр усны сав нь чанар, стандартыг хангасан эсэхэд хяналт тавьж өгөөч” гэх хүсэлт ирсэний дагуу МХГ-аас 4 сарын 17-ны өдөр шалгалтыг явуулжээ. Гүнийн худгийн уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахад “Чандмань” савалсан усны техникийн ерөнхий шаардлага MNC 50072007 стандартыг хангасан байна. 
Харин гүнийн худгийн усны тухайн өдрийн дээж нь ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын ерөнхий шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэсэн он сар өдрийг бичдэггүй зэрэг зөрчил байсан учраас 150 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож, шаардлага тавьжээ. Ундны усны сав нь хүнсний зориулалтын тэмдэглэгээтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аж.
Б.Батчимэг


 
Холбоотой мэдээ