Аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2017” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-26 15:35:40
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албыг сурталчилан таниулах, гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах ажиллагаанд сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох ач холбогдолтой юм. Тэмцээнд оролцох сурагчид жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ажээ.
 
Тэмцээнд 9 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 16 багийн 9-12 дугаар ангийн сурагч, нийгмийн ажилтан нийт 112 бүрэлдэхүүн хамрагдаж хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас өмсөх, бие бялдрын бэлтгэлжилт, жагсаалын бэлтгэл, гал унтраах байлдааны тархалт хийх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, 2 км гүйх, хорт хий утаанаас хамгаалах баг өмсөх зэрэг 8 төрөлд өрсөлджээ

Тэргүүн байранд Чулуут сумын ЕБС-ийн сургуулийн “Чулуутын жавхаа”, дэд байранд Хайрхан сумын ЕБС-ийн сургуулийн “Шонхор-2”, гутгаар байранд Эрдэнэбулган сумын ЕБС-ийн 3-р сургуулийн “Ирээдүйн аврагч”, тусгай байранд Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн “Энхийг сахиулагчид” гэсэн багууд эхний байруудад оржээ.
 
Тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний шатанд ОБГ, Дэлхийн зөн Монгол Архангай-1 байгууллагаас сумдын өсвөрийн аврагч бүлгэмийн сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын талаар 5 цагийн сургалт зохион байгуулж, тэмцээний үед мөрдөх аюулгүй ажиллагааны талаар мэдлэг ойлголт өгч ажиллажээ. 

“Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг ДЗМОУБ Архангай-1, 2, Боловсрол соёл урлагийн газар, Японы хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулсан байна.

Б.Гэрэлт-Од 
Холбоотой мэдээ