Цукерберг үнэ төлбөргүй сургууль нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-24 13:39:39

МОСКВА. /RIA Novosti/. “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг гэргий хамт Америкийн Калифорни муж улсад хувийн сургуулиа нээхээр төлөвлөж байна. Тэрбээр сургуулийнхаа сурагчдад төрсөн цагаас нь эхлэн төгсөх хүртэл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Цукербергийн сургууль “Facebook”-ийн төв байраас зургаан км зайтай газар оршдог Ист Пало Альто хотод нээгдэнэ.

"Энэ бол боловсрол болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгтэсэн шинэ хэлбэрийн сургууль юм” гэж Цукерберг нийгмийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

Тэрбээр шинэ сургуулиа 2016 оны наймдугаар сард нээхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд тус сургууль бага орлоготой гэр бүлүүдийн хүүхдүүдэд үүд хаалгаа нээж, үнэ төлбөргүй сургана. Зарим тохиолдолд хүүхдүүдийг төрөхөөс нь өмнө сургуульд хүлээн авч, харин ээжүүд нь жирэмсний хяналтад орох аж. Сургуулийн дэргэд сурагчид болон тэдний гэр бүлд зориулсан эмнэлгийн төв ажиллана гэж боловсролын тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

Цукерберг Сан-Франциско хот болон тус хотын орчимд оршдог сургуулиудыг хөгжүүлэхэд гэргийн хамтаар 120 сая доллар хандивлана гэж урьд нь мэдээлсэн байна.

2012 онд тэрбээр “The Chronicle of Philanthropy” сэтгүүлийн хамгийн өгөөмөр буян үйлс хийгчдийн жагсаалтад хоёрдугаарт гэргийн хамт орж байв. Одоо 26.7 тэрбум доларроор хэмжигдэх хөрөнгөтэй Цукерберг 2012 онд  500 сая орчим долларыг боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд зориулж, “Silicon Valley Community Foundation” олон нийтийн санд хандивлаж байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ