НҮБ-ын ойгоор дурсгалт газруудад хөх гэрэлтүүлэг асаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-24 12:48:42

МОСКВА. /RIA Novosti/. НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний 70 жилийн ойд зориулсан дэлхий нийтийг хамарсан кампанит ажлын хүрээнд өнөөдөр дэлхийн 60 орны 300 орчим түүхэн дурсгалт газарт хөх гэрэлтүүлэг асаана гэж тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

"Маргааш дэлхийн бүх дурсгалт газарт НҮБ-ын байгууллагын өдөрт зориулан хөх гэрэлтүүлэг асаана” гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Нью-Йорк хотноо Ерөнхий Ассамблейд баасан гарагийн орой үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Австрали, Азербайжан, Индонез, Ирак, ОХУ, Саудын Арави, Өмнөд Судан зэрэг дэлхийн олон орны гүүр, театр, музей, түүхэн дурсгалт газруудад НҮБ-ын албан ёсны өнгө болох цэнхэр гэрэлтүүлэг асаана. Хөх гэрэлтүүлгийг мөн Сиднейн дуурийн театр, Петербургийн Эрмитаж, Нью-Йоркийн Эмпайр Стейт Билдинг цамхаг, Гизагийн пирамид, Хятадын Цагаан хэрэм, Рио-де-Жанейрогийн Аврагч Христийн хөшөө болон Иорданы эртний хот болох Петрт асаах ёстой. Харин Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байр 10 дугаар сарын 23, 24-ний хоёр шөнө хөх гэрэлтүүлэгтэй байх аж.

НҮБ-ын цэнхэр далбаа тус байгууллага байгуулагдсан цагаас хойш 70 жилийн турш хүн төрөлхтний хувьд эрх чөлөөний бэлгэ тэмдэг байсан бөгөөд цаашид ч байх болно гэж Бан Ги Мүн хэлжээ. 70 жилийн ойд зориулж тэрбээр Тогвортой хөгжлийн зорилгодоо, түүний дотор 2030 он гэхэд ядуурлыг ялж, экологийн хямралаас гарах зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөсөн байна.

НҮБ 1947 оны 10 дугаар сарын 24-нд байгуулагдсан бөгөөд мөн энэ өдөр тус байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болжээ. Энэ өдрийг олон нийтийн баяр болгон тэмдэглэхийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1971 онд гишүүн орнууддаа зөвлөсөн байна.

НҮБ бол олон улсын энхт тайван, аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх, улс орон хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулсан олон улсын байгууллага юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ