Төсвийн тодотголын асуудлаар АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авч байгааг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдлээ.
Чуулганы хуралдааны өмнө тус намын бүлэг хуралдаж, төсвийн тодотгол дээр байр сууриа нэгтгэсэн байна.
Тус бүлэг 7-8 үндэслэлээр завсарлага авч байгаа аж. Тодруулбал нэгдүгээрт, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг боловсруулахад ОУВС оролцсон эсэхийг тодруулах хэрэгтэй.
Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг танасан хэрнээ сайд нарынхаа төсвийг 404 тэрбумаар нэмэгдүүлсэн байна. Гуравдугаарт, Монгол хүний дундаж наслалт 65 нас байдаг. Гэтэл тэтгэврийн насыг дэлхийн жишигт буюу 65 нас болгосныг эргэж харахаар байна.
Дөрөвдүгээрт, ард түмний унаа болоод байгаа “ Приус“ маркийн машинд 375 мянган төгрөгөөс 5 хүртэл сая төгрөгийн татвар ногдуулж байгааг залруулах нь зүйтэй. Тавдугаарт, цалин нэмэх асуудлыг царцаасан атал хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгож нэмжээ.
Зургадугаарт, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж тооцох нь боломжгүй зүйл юм. Долоодугаарт, ОУВС-ын шаардлага нь орлогоо нэмэгдүүл, зардлаа хас, алдагдлаа бууруул гэсэн шаардлага тавьсан гэж бид ойлгож байгаа. Гэтэл Засгийн газар ОУВС-гийн зөвлөмжийг дагахгүй байна.
Наймдугаарт, батлан хамгаалах, хилийн цэрэг, онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг дордуулсан Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй. Хэрэв уг төсөл батлагдвал гадаадад цэргийн чиглэлээр боловсрол эзэмшиж буй 450 гаруй алба хаагч суралцах боломжгүй болж, цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа алдагдана хэмээн үзжээ.
УИХ-ын дарга М.Энхболд дээрх үндэслэлтэй холбогдуулж нэг цагийн завсарлага өгч байгаагаа мэдэгдсэн ч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хүлээж авах бололцоогүй гэсэн тул завсарлагын хугацааг 3 цаг болгож сунгав.
Одоогоор чуулганы хуралдаан түр завсарлаад байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ

