Үндэсний баяр наадмыг 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах төсөв, Үндэсний сурын харваачдад улсын цол олгох тухай, төрийн хүндэтгэлийн концертыг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлыг авч хэлэлцэв.
Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ. Дээрх төсвийн зардлыг хэлэлцээд, Монгол Улсын Шадар сайд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэхээр болов.
Мөн Үндэсний сурын цолны болзол хангасан Дархан мэргэн цолоор 6 хүн, Даяар дуурсах мэргэн цолоор 2 хүн, Даян мэргэн цолоор 8 хүн, Гарамгай харваач цолоор 23 нэр бүхий хүмүүсийг цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Харин Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болов. Хурлын төгсгөлд Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нар хариуцсан ажлаа сайтар хянах, нягт зохион байгуулах, аж ахуйн чиглэлийн ажлыг газар дээр нь очиж танилцаж, бэлтгэл хангуулахыг үүрэг болголоо.
Б.Туул
Холбоотой мэдээ

