Зөвлөлдөх санал асуулга өнөөдрөөс орон даяар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-12 13:02:08

Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар болон Төрийн ордонд энэ сарын 29-30-нд зохион байгуулахтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар болон бусад хүмүүс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ““Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг УИХ-аас энэ сарын 7-ны өдөр баталсан. Уг тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах, санал асуулгыг боловсруулах, дүгнэх, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын бага гишүүн, Ардын Их хурлын депутат Д.Ламжав, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, ҮХЦ-ийн гишүүн асан Ц.Сарантуяа, Олон нийтийн сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их хурлын депутат, Үндсэн хууль батлалцсан Д.Чойжамц, Шинжлэх Ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Чулуунбаатар нарыг сонгосон. Зөвлөлдөх зөвлөл хоёр даргатай бөгөөд Д.Ламжав, Н.Жанцанноров нарыг сонгоод байна" гэлээ.

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд орж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батжандан, Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Мөн мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгүүд ажиллах аж.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат өнөөдөр эхэлж байгаа ба 21 аймаг, 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргачлалаар сонгосон Монгол Улсын харьяат, насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг хамруулахаар болжээ. Хоёрдугаар үе шатанд хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд хоёр шатны санал асуулгыг нэгтгэн санал асуулгын тайлан гаргаж тавдугаар сарын 4-ний дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна. Үүнээс зөвлөмж гаргаж тавдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулж, олон нийтэд мэдээлэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ