Дэлхийн хэмжээнд цаазлуулсан хүний тоо 37 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-11 09:44:56

ЛОНДОН. /ВВС/. 2016 онд дэлхийн хэмжээнд цаазын ялыг гүйцэтгэсэн тоо өмнөх оныхоос 37 хувиар буурсан гэж хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэшнл” ТББ мэдэгдлээ.

Тус ТББ-ын мэдээлснээр, 2015 онд 1634 хүнийг цаазаар авч байсан бол өнгөрсөн онд 1032 хүнийг цаазалжээ.

Иран болон Пакистанд өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөн хүнийг цаазаар авсан нь дэлхийн хэмжээнд цаазын ялын гүйцэтгэлийн тоо эрс буурахад нөлөөлсөн байна.

Дэлхийн бусад бүх улс орны цаазын ялын гүйцэтгэлийн тоог нийлүүлснээс ч олон хүнийг Хятадад цаазаар авсан гэж “Эмнести Интернэшнл” үзэж байна.

Цаазын ялын гүйцэтгэлийн тоогоор тэргүүлэгч эхний таван улсын тооноос АНУ 2006 оноос хойш анх удаагаа хасагджээ.

Хэдийгээр цөөн хүнийг цаазаар авсан ч цаазын ялын гүйцэтгэлийн тоогоор эхний таван улсын жагсаалтад Иран болон Пакистан багтаж байна. Мөн Хятад, Саудын Арави болон Ирак хамгийн олон хүнийг цаазаар авсан эхний таван улсад багтжээ.

Дэлхийн хэмжээнд цаазын ялын гүйцэтгэлийн тоо 2016 онд мэдэгдэхүйц буурсан хэдий ч өмнөх 10 жилийн дундажтай харьцуулахад өндөр байна.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, Ойрхи Дорнод болон Хойд Африкт цаазын ялын гүйцэтгэл 28 хувиар буурсан бол Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудад 145 хувиар нэмэгджээ.

Европ болон Төв Азийн орнуудын дотроос Беларусь, Казахстан гэсэн хоёр улс л цаазын ял оноож байна.

Цаазын ялыг 104 улс халаад байгаа аж. Одоогоос 10 жилийн өмнө буюу 1997 онд цаазын ялыг халсан улсын тоо 64 байжээ.

Өнгөрсөн онд Бенин болон Науру гэсэн хоёр улс цаазын ялыг бүрэн халсан бол Гвиней улс хөнгөн гэмт хэрэг үйлдэгсдэд цаазын ял оноохоо зогсоожээ.

Бусад улс орон ч цаазын ял гүйцэтгэхийг хязгаарлах арга хэмжээ авч байна. Үүнээс үзвэл, дэлхий нийтээрээ цаазын ялыг халах хандлагатай байна гэж “Эмнести Интернэшнл” мэдэгдлээ.

Тус байгууллага албан ёсны тоо баримт бүхий статистик мэдээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авсан мэдээлэл, цаазын ял сонссон хүмүүс болон тэдний ар гэрийнхнээс авсан мэдээлэлд үндэслэн дээрх тайланг гаргажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ