Ахмад багш нарын энэ удаагийн уулзалт "Дөрвөн бэрх" тэмцээн байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-06 19:02:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Ахмад багш нарын  холбооноос хүүхэд залуучуудад хандсан тодорхой ажил, арга хэмжээг явуулахын зэрэгцээ ахмад багш нарынхаа уулзалтыг төрөл бүрийн хэлбэрээр тодорхой сэдвийн хүрээнд хийдэг.   Энэ удаагийн уулзалт өдөрлөгөөр Монгол ёс заншил, түүх уламжлалаа харуулсан “Дөрвөн бэрх” тэмцээнийг зохион байгууллаа.

“Ахмадууд маань ардын сургамжит үг хэллэгээр өөр хоорондоо цэц булаалдаж, ардын дуу, түргэн хэллэг, шагайн наадгай зэргээр өрсөлдөж, бие биенээ цагаан идээ үндэсний уламжлалт хоолоор дайлж цайллаа. Эндээс харахад орчин үед орхигдож, гээгдэж байгаа соёл үнэхээр их байна. Энэ бүгдийг ахмадууд бид л залуу үедээ зааж сургаж, өвлүүлэн үлдээх ёстой. Дөрвөн бэрх тэмцээнийг явуулсанаар бид цаашид хийх олон шинэ шинэлэг ажлын санаануудыг олж авлаа. Анх удаа зохиогдож байгаа тэмцээнд манай ахмад багш нар маань үнэхээр идэвхтэй оролцлоо. Цаашид үүнийгээ уламжлал болгон хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байна...” хэмээн аймгийн ахмад багш нарын холбооны тэргүүн С. Халтар хэллээ.

Сүхбаатар аймгийн ахмад багш нарын холбоо нь 2012 онд байгуулагдсан. Боловсролын салбарын ахмад багш, ажилчид гээд одоогоор 500 орчим гишүүнтэй. Тус хамт олон зохион байгуулж буй үйл ажиллагаагаараа 2015 онд Улсын шилдэг холбоогоор шалгарч байсан юм.  Тэд өнчин хүүхдүүдийг асарч халамжлах, залуу багш нарт аргазүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд гэрээр давтлага өгөх зэрэг олон төрлийн ажлыг хийдэг. Мөн арав гаруй багш аймгийн олимпиадыг ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит болгосон байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ