Зава Дамдины гэр музей

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-05 15:53:52

Монголын Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулагчдын нэг, их сэтгэгч, буддын философын томоохон төлөөлөгч бол Зава Дамдин гавж юм. Зава Дамдин гавжийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас, шашны эдлэлүүд амьдарч байсан гэрийн нь хамт Дундговь аймгийн музейд хадгалагддаг.

Монголын шашин хийгээд шинжлэх ухааны салбарт үлдэх гавъяатай энэ түүхэн хүний таван настайдаа өмсч байсан монгол цамцнаас эхлээд амьдралынхаа сүүлийн мөчид идэж байгаад орхисон тавагтай бантан нь халбагатайгаа, цай, давс, гурил нь  хавтагатайгаа, арц хүж нь савтайгаа, сүүлийн удаа уншиж байгаад орхисон ном нь тэр чигтээ музейн үзмэр болсон байдаг. 

Зава Дамдин гавжийн эд зүйлс бүхэн сонирхол татна. Оросын жуулчин Николай Пржевальскийн дурсгасан орос дэнлүү, шаазан таваг хүртэл бүтнээрээ байна. Биеэрхүү том хүн байсныг илтгэх дээл, амьдарч байсан гэхэд чац багадахаар жижиг гэр, тулга, тогоо шанага, ширээ, олбог дэвсгэр нь бүгд зохилдсон, үнсэн бамбар хулсан үзэг нь хэвээр, бурхан шашны эд хэрэглэлүүд нь өнгө засан, бүрэн бүтнээрээ хадгалагдаж байна.

Гэр музейг хэрхэн бий болгосон  түүх сөхвөл, Дэлгэрийн Чойрын хийдийн туурыг сахиж үлдсэн Зава гавжийн үнэнч шавь нар 1937 онд багшийгаа өөд болж, бурхан шашин, сүм хийдэд халтай цөвүүн цаг ирэхэд хийдийнхээ бүх эд зүйлсийг Бага газрын чулууны агуй бүрт нууж үлдсэн гэдэг. Хаврын хаварт хүн амьтнаас нууж салхи сэвээр оруулан, өгөршиж муудахаас сэргийлэн нандигнасаар 1990 онтой золгосон байна.. 1996 онд музейн захирал асан Л. Мөнхбаяр, зохиолч Х. Шонхор нарын хэдэн хүн бүтэн сар гаруйн хугацаанд Чойрын хийдэд байж, олон жилийн турш эд зүйлсийг хадгалж нандигнаж ирсэн Гэмпил гуайгаас нэг бүрчлэн хүлээж авчээ. Ийнхүү 1997 онд Зава Дамдин гавжийн  мэндэлсний 130 жилийн ой тохиоход түүний гэр, эд зүйлс иж бүрнээрээ музейн үзмэр болж дэлгэгдсэн түүхтэй.

Холбоотой мэдээ