АНУ тэргүүтэй улсууд НҮБ-аас шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-22 15:27:02

НЬЮ-ЙОРК. /Reuters/. НҮБ-ын хоригийг зөрчин Тегеран баллистик пуужин туршсаны хариуд хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс АНУ, Их Британи, Франц, Герман улс шаардав.

НҮБ-ын 15 гишүүнтэй Аюулгүйн зөвлөлд АНУ уг асуудлыг дэвшүүлэн тавьсны дараа  захидал ирсэн байна. Уг захидалд “цөмийн зэвсэг тээх чадалтай” баллистик пуужингийн талаар дэлгэрэнгүй мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ.

Иран энэ сарын эхээр нарийн тусгалтай баллистик пуужин туршсанаа мэдэгдсэн билээ.

НҮБ-ын хоригийг зөрчсөн нь тогтоогдвол Ираны хувь хүмүүс эсвэл хуулийн этгээдүүдийг Хориг арга хэмжээний хороо хар жагсаалтдаа оруулж болох талаар дипломатууд ярилцсан байна. Гэвч Ираны пуужингийн хөтөлбөрт хориг арга хэмжээ авахыг эсэргүүцдэг Хятад, Орос улс хориг тавьж болзошгүй юм.

Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу 2010 онд Ираныг баллистик пуужин туршихыг хориглосон  бөгөөд Иран, дэлхийн зургаан том улс хооронд байгуулсан гэрээ хэрэгжих хүртэл уг хориг хүчинтэй хэвээр байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ