Ж.Эрдэнэбат: Бид сэхээнд байсан эдийн засгийг энгийн тасаг руу шилжүүлж чадлаа
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр томилолтынхоо эхний өдөр Ховд хотын иргэдтэй уулзаж, Засгийн газраас баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулахаар ажиллаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр уулзалтын эхэнд Ерөнхий сайдын ажлаа аваад найман сарын хугацаа өнгөрчээ. Ховд аймаг миний ажлаа авснаас хойш ажиллаж буй найм дахь аймаг. Та бүхэнтэй хаврын төлийн дуу цангинасан энэ өдөр нүүр тулж уулзаж байгаадаа баяртай байна хэмээн мэндчилэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цааш хэлэхдээ, “Өмнөх үе үеийн Засгийн газар нийгмийн салбарын бодлогоор үйл ажиллагаагаа эхлүүлдэг байсан бол манай Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах вэ гэдэгт нэн тэргүүнд анхаарлаа хандуулсан. Манай улс эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай, орлоготой байлгах бололцоогүй. Биднийг ажлаа авч байх үед 120 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ 60 мянга нь л тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн санхүүгийн тайлан гарч байсан. 4000 аж ахуйн нэгжийн дансыг нээлгэсэн, мөн 400 аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөөгүйгээс дансаа хааалгасан байсныг нээлгэснээр эхний алхамуудаа тавьсан. Энэ мэт ажлуудыг хийж хэрэгжүүлснээр оны эцэс гэхэд нааштай тоон үзүүлэлтүүд гарч эхэлсэн.
Сүүлийн дөрвөн жилд анх төсвийн орлого 504 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөөгүй байсан бол өнгөрсөн хугацаанд өсөлттэй гарлаа.
Манай Засгийн газар алдаа гаргах эрхгүй. Биднийг ажлаа авч байхад Өмнөх Засгийн газар алдаатай шийдвэр гаргасны улмаас 70 сая ам.доллар төлж байлаа. Энэ мөнгийг өнөөдрийн ханшаар тооцвол 180-190 тэрбум төгрөг. Засгийн газрын буруу шийдвэрээс хөрөнгө оруулагчид буцаагаад төлж байх жишээтэй. Иймээс алдаа гаргах эрх бидэнд байхгүй хэмээн тодотголоо.
Тэрбээр уулзалтын үеэр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэх үндэслэлээр асуудлыг хойш тавилгүй төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлж байна хэмээгээд ахмад настан, олон хүүхэдтэй эхчүүдэд хандсан олон төрлийн санаачилгыг ажил хэрэг болгосон гэлээ. Тодруулбал, цагаан сарын өмнө ахмадуудад насны хишиг түгээн, тэдний зээлийн хүүг 3 хувиар бууруулж, тэтгэврээ 3 сарын хугацаанд хүүгүй авах бололцоотой болсон. Мөн ахмадууд маань өөрийн хүссэн банкаар үйлчлүүлдэг боллоо. Аавуудыг сэтгэл амар, ажил төрлөө хариуцлагатай хийхэд төрөөс анхаарч эхчүүд эмэгтэйчүүдэд хандсан хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Оюутнууд сургалтын төлбөрөө “Сургалтын зээлийн сан”-гаас авч төгссөний дараа эргүүлэн төлдөг тогтолцоог бий болгосон. Үүний зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлд шийдвэрүүдийг гаргасаар байна.
Бид долоон сарын хугацаанд нэлээд ажлыг хийж хэрэгжүүллээ. Сэхээнд байсан эдийн засгийг бид энгийн тасаг руу шилжүүлж чадлаа. Гэхдээ бидэнд хийх ажил маш их байна.
Гадны хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлж 580 сая ам.долларын зээлээ төлж чадлаа. Монгол Улс хугацаа тулсан өргүй болсон. Ажлаа авсан 7 сарын хугацаанд Чалькогийн өрийг бүрэн төлж дууслаа. Тавантолгойн орд газрын борлуулалтын үйл ажиллагааг ил тод болгож, зуучлалыг арилгаснаар тэрхүү ашгийг төр өөрөө авдаг болсон. Нүүрсний нэг цонхыг бодлого хэрэгжүүлснээр бид уурхайн аман дээрээс 72,5 ам.доллараар нүүрсээ борлуулж байна.
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг 5 удаа хэрэгжүүлж байсан. ОУВС-тай хэлэлцээ хийснээр төр сахилгажина. Ингэснээр хөрөнгө оруулагчид эдийн засгаа сэргээх чиглэлд анхаарч ажиллаж байна гэсэн итгэл төрөх болно. Хэлэлцээ маш удаан хугацаанд үргэлжилсэн. Энэ удаад Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн.
Бид дандаа гуйлга гуйж болохгүй, мөнгө олох ёстой. Дэлхийн мөнгийг Монгол Улс руу оруулж ирэхээр бид ажиллах ёстой.
Монголчууд малаа маллах, газар тариалан эрхлэхээ хэнээр ч заалгахгүй. Малаа эрүүлжүүлж, экологийн хүнс ногоогоо гадны зах зээлд гаргах хэрэгтэй. Иймд бид“Эрдэнэс Монгол” компанийн дэргэд “Монгол брэнд”гэдэг агентлагийг байгуулсан. Монгол малын махаа сурталчилж чадах юм бол өндөр зэрэглэлийн хүнсний бүтээгдэхүүн болгон борлуулах бололцоотой. Эдгээр зүйлүүдийг хийхийн тулд нөгөө л мөнгө хэрэгтэй. Хамгийн ойрноос мөнгө олох бололцоотой салбар бол уул уурхай. Өвөг дээдэс маань бидэнд үлдээсэн баялгийг бид хамгийн зүй зохистойгоор ашиглах ёстой” хэмээв.
Ерөнхий сайдын мэдээллийн дараа иргэд өөрсдийн сонирхсон асуудлаар хариулт авснаар уулзалт өндөрлөв.
Б.Туул
Гэрэл зургийг А.Бямбасүрэн
Ховд аймаг