Энэ сард онцлох дэлгэцийн 3 баатар

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-03-20 18:34:56

Ааш муутай “сайн” аав

"21st Century Fox" кино студийн бүтээл, Хью Майкл Жекмэний тоглосон адал явдалт "Логан" кино Монголын үзэгчидэд хүрээд удаагүй байгаа билээ. Энэ сард нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийг тэргүүлж “IMDB”-ээс 8,6 үнэлгээг авч тэсрэлт хийж байгаа кино бол “Логан” юм. 

Өмнөх цувралуудыг үзсэн үнэнч фэнүүд нь түүнийг хангалттай сайн мэднэ. Мэс заслын аргаар биед нь суулгасан хугарашгүй ган металл түүний биеийг хордуулж Логан хүч чадвараа аажмаар алдсаар буй. Тэрээр Мексикийн хилийн ойролцоо өвчтэй “Professor-X” буюу Чарлесийг асран амьдардаг. Өөрийгөө нууж анир чимээгүй аж төрөхийг хүссэн тэрээр Лаура гэх бяцхан охинтой уулзах ба түүнийг хамгаалахын тулд хүн төрөлхтөн буюу мутантуудын хоорондын дайнд дахин оролцохоос өөр аргагүйд хүрнэ.

Киноны хувьд өмнөх ангиудтай дүйцэхээр сайн бүтээл болсонд эргэлзээд байх зүйл алга. Энэ удаад мутантуудын хүч чадал, эр зоригийг харуулахаас илүүтэйгээр тэдний дотоод сэтгэл, амьдралын төлөөх тэмцэл хийгээд хүмүүстэй л адилхан зовж шаналж, өвддөг гэдгийг товойлгон үзүүлжээ.

Халдлаганд өртөж амиа алдсан Чарлесын оршуулганы хажууд уй гашуу нь эцэстээ тулчихаад зогсч буй Логаны гараас охин Лаура нь атгах мөч, мутант хүүхдүүдийг эцсээ хүртэл хамгаалж шархаа дийлэлгүй нас нөгчиж буй Логаныг “аав аа” гэж дуудаад уйлж буй Лаураг хараад хэн ч тэдний хагацал зовлонг тойрч кино театраас инээмсэглэн гарч чадахгүй. Хэдий Логан ааш муутай ч сайн аав байсан.

Өчнөөн хол замыг аавтайгаа хамт туулсан ч Лаура эцсийн мөчид аав аа гэж дуудахад нь Логан хэдийн амьсгал хураасан байдаг. Гэвч түүний булшин дээр босгосон загалмайг охин нь хажуу тийш эргүүлж тавихад “Х” тэмдэг болж хувирна.

Лаурагийн дүрд тоглосон Дафни Кин ердөө 12 настай даа “Супер баатартай киноны бүх цаг үеийн шилдэг жүжиглэлт жагсаалтад” 17 дугаар байрт бичигдсэн нь гайхалтай амжилт билээ.

Найруулагч Мэнголд түүнийг Х-23 буюу цаашид үргэлжлэх цувралын Лаурагийн дүрд авч үлдэх хүсэлтэй байгаа юм. Иймд цуврал цаашид үргэлжлэх нь тодорхой болсон. Киноны төгсгөлөөс ч энэ нь тодорхой харагдаж байлаа. Учир нь Логан, Жен, Скотт, Магнето, Ревэнээс хойшхи супер баатруудын бүтэн нэг үе төрөн гарч байна.

Хохимой арлын баатар

Конг буюу аварга том сармагчныг ингээд нэрлэчихвэл зохих юм шиг ээ. Түүний уул мэт том биенээс амьтай бүхэн айж зугтах хэдий ч тэрхүү аварга сармагчин газар нутаг, ан амьтад, хүмүүсийг аюулт араатнуудаас цаг ямагт хамгаалдаг. Бүх цаг үеийн хамгийн гайхалтай “шидэт үлгэр”-үүдийн жагсаалтад Кин Конг киноны цуврал ангиуд бичигдэх нь гарцаагүй.

Хохимэй арал бол гавлын яс шиг бүтэцтэй хэдий ч үзэсгэлэнтэй арал. Тус арлыг тойрон их хэмжээний шуурга хүрээлж байдаг учраас өмнө нь олж нээгээгүй билээ. Харин тус арлыг судлах зорилгоор очсон багийн гишүүдийг төсөөлснөөс нь огт өөр нөхцөл байдал угтдаг. Одос үхэр, наймаалж, аалз зэрэг арлын ихэнх амьтад үлэмж том биетэй.

Kиноны найруулагчаар ажилласан Жордан Вогт-Робертс Кинг Конгийг шинээр хийнэ гэж сонсоод олон янзын бодол толгойд нь эргэлдсэн гэдэг. Орчин үеийн үзэгчдийн шалгуур өндөр болсон. Тэгэхээр өмнөх цувралуудаас хэд дахин илүүг бүтээхгүй бол Кинг Конг киноны бүх ангиуд үнэ цэнээ алдана гэсэн үг.

Найруулагч Конгийг асар том биетэй бүтээсэн нь зүгээр ч нэг сүртэй харагдуулах гэсэн үйл явдал биш. Учир нь тэрээр “Кинг Конгийг сүрлэг харагдуулж байгаа нэг шалтгаан бий. Би хүмүүсийг өчүүхэн гэдгийг харуулахыг зорьсон. Хэр том байвал хүмүүс гэдийж хараад бурхан мэт бодох бол гэж бодоод 30 метр байвал зүгээр юм байна гэж шийдсэн” хэмээжээ. Орчлон ертөнц, гариг эрхэс тайлагдашгүй хэний ч үзээгүй олон нууцаар баялаг. Ертөнц гэгч асар том бөгөөд хүн хумхийн тоос шиг л өчүүхэн зүйл. Тиймээс бид өөрсдийн нууцыг хамгаалж, байгаль дэлхийг хайрлах хэрэгтэй гэсэн давхар санааг киноны үйл явдлын дунд шигтгэж өгчээ.

Мөнхүү шинэ Конгийн адал явдал нууцаар дүүрэн. Тус киноны өмнөх ангиудтай үйл явдал нь зарим талаараа төстэй. Арал дээр амьдарч байсан Кинг Конг Нью-Йоркт очоод нэг бүсгүйд дурладаг тухай эхний цувралд өгүүлдэг. Харин энэ удаа гоо бүсгүй, араатан хоёрын хайр дурлал гарахгүй гэснээс хэд хоногийн өмнөхөн нээлтээ хийсэн, үзэгчдийн үзэх дуртай хүүхэлдэйн баатар дэлгэцнээ амилсан нь  “Араатан ба гоо үзэсгэлэн” нэртэй кино юм.

Шидтэний гавьяа

Тус киноны үйл явдлыг уншигчид хэдийн мэдэх биз ээ. Өнгөрсөн жил болор шаахайгаа хааны ордны шатан дээр гээж орхидог “Үнсгэлжин” уран сайхны кино болон дэлгэцэнд амилж байсан юм. Харин “Араатан ба гоо үзэсгэлэн” түүнээс хувь илүү дэлгэцийн бүтээл болж чадсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Хүүхэлдэйн киноны гол дүр үзэсгэлэнт Беллагийн дүрийг “Харри Потер” цувралын од, жүжигчин Эмма Уотсан бүтээсэн бол бардам зангаасаа болж араатны дүрд хувирсан ханхүү Гренийн дүрд жүжигчин Дан Стиффенс, өөрийгөө энэ ертөнцийн хамгийн сайхан залуу хэмээн боддог Гастоны дүрийг жүжигчин Луке Эванс нар бүтээжээ. Мюзикл жанрын тус кино жүжигчдээс ихээхэн ур чадвар шаардсан гэдгийг найруулагч Билл Гондон хэлж байсан удаатай.

Эмма Уотсан тус дүрийг бүтээхдээ дуулах шаардлагатай болсон. Нөгөөтэйгүүр шинэ авьяасаа нээж, өөрийгөө туршсан билээ. Кино нээлтээ хийсний дараа тэр дуулах чадварын тал дээр үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа. Ер нь тус киноны дуу үзэгчдийн зүрхэнд хүрч, сэтгэлийг нь хөдөлгөж, санаа бодолд нь гэгээн тунгалаг төсөөлөл ургуулж байв.

Харин хамгийн гарамгай жүжиглэлт нь Гастоны дүрийг амилуулсан Луке Эвансынх байлаа. “Хоббит” цуврал дээр галт лууг устгаж хүмүүсийг аюулаас авардаг сайн талын дийлдэшгүй баатар маань онгироо сагсуу, биеэ тоосон нэгний дүрийг “төгс” амилуулж чадсан юм.

Бид амьдралын нэгэн хэвийн байдлыг өөрчилж, өөрсдийгөө зугаацуулж, зүрх сэтгэлээ шинээр нээхийн тулд урлагийг бодож олсон санагддаг. Аль төрөл нь хүнийг баясган цэнгүүлж зугаацуулах үүрэгтэй.

Өнөөдрийн техник технологи хөгжсөн эрин зуунд тайз дэлгэцийн бүтээлүүд хүмүүст илүү ихээр хүрч байгаа нь илэрхий зүйл. Дэлгэцийн бүтээлд амилсан баатрууд маань бидний оюун санааг цэнгүүлж, амьдрах итгэлийг олгож, бусдыг хайрлахад сургаж байдаг. Хэрэв уншигч та үйл явдал бүрийг нэг бүрчлэн тод ажиглаж, шимтэн үзвэл дээрх гурван кино шидлэг байдлаас илүүтэй бодит амьдралын тусгал болохыг ойлгох болно.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ