Шинэ усан сан төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:29:04

Дорнод аймгийн удирдлагын зүгээс Шинэ усан сан төслийг боловсруулан аймгийн ИТХ-аар оруулан орон нутгийн төсөвт хөрөнгийг нь тусгуулан ажил хэрэг болгож эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд 11 усан сангийн барилгыг шинэчлэн засварлаж байгаа бөгөөд шинээр усан сан барих, суурь хэсгийг өндөрлөх зэрэг ажлуудыг хийж байна. Мөн таван усан сангийн цахилгааны ажлыг хийх бөгөөд эдгээр усан сангуудад газрын байршлуудаас нь болж 250-400 мкв талбайг хашаажуулах, явган зам, ус түгээх бетонон талбай хийгдэх ёстой. Энэ ажилд гурван компани гүйцэтгэгчээр шалгарч ажил 60-90 гаруй явагдаж байна.

Гэвч гүйцэтгэлийн хяналт дутуу хийгдснээс шалтгаалан зарим ажлууд ялангуяа усан сангуудын гадна талын тохижилтын ажил шаардлага хангах түвшинд хийгдээгүй байгаад аймгийн засаг дарга шүүмжлэлтэй хандан хяналтын болон захиалагч байгууллагууд, гүйцэтгэгчидэд зарим үүрэг чиглэлийг өглөө. Тухайлбал усан сангийн хашааны сараалж төмрийг муур нохой оруулахгүй байх хэмжээнд хийх, ус авах бетонон талбайг томруулах, явган хүний замыг хавтангаар биш цутган хийх, налуу тэгшийг тааруулах, барилга байшин нь засварлагдаж дууссан усан сангуудад яаралтай гадна тохижилтыг хийхийг даалгалаа. Аймгийн Засаг даргын зүгээс  аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ цогц байдлаар чанартай хийхийг чухалчилж байна.

Дорнод аймгийн Чойбалсан хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллыг усаар хангадаг зөөврийн боон гүний 33 усан байдаг. Эдгээр усан сангуудын дийлэнхи нь 1974-1995 онуудад баригдсан олон жилийн насжилттай учир гадна орчны хувьд эрүүл ахуй болон стандартын шаардлага хангахгүй болсон. Хэдийгээр 2000 аад оноос хойш олон улсын төсөл  хөтөлбөрөөр 17-н усан сан нь төвлөрсөн системд холбогдсон хэдий ч байр савныхан хана туурга нурсан, дээврээс нь ус гойждог, халаалтгүй, гэрэл цахилгаангүй байсан юм.  Мөн газар олголтыг хийхдээ усан санд тавигдах стандартыг алдагдуулан айлууд хэт шахаж бууснаас хөрсний бохирдол, элэгдэл явагдаж эхэлсэн байдалтай байлаа.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ