2026 оны төсвийн төсөлд иргэдээс санал авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн оролцоог дөрвөн үндсэн чиглэлээр хангаж ажиллахыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэг болгов.
Энэ хүрээнд 2026 оны төсвийн төсөлд иргэд олон нийтийн саналыг наймдугаар сарын 1-нээс цахимаар авна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай мэдээлэхдээ, “Төсвийн төлөвлөлт, хуваарилалт шат бүр
дээр олон нийтийн оролцоог хангах хуулийн заалттай. 2026
оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр ашигтай, шударга, ил
тод зарцуулах вэ гэдгийг шийдэх хариуцлагатай баримт бичиг. Иймд Засгийн газар
иргэдийн үгийг сонсож, бодлогоо хамтран тодорхойлох шинэ жишгийг эхлүүлж байна. Сангийн яам, Засгийн газар
төсвийн төслийг Засгийн газарт наймдугаар сарын 15-нд, есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих ёстой.
Энэ хугацаанд олон нийтийн санал бодлыг хоёр үе шаттай авч, хэлэлцүүлэг
зохион байгуулна. Ерөнхий сайд төсвийн үр ашгийг сайжруулж, ач холбогдлоор
нь эрэмбэлэх, хэмнэж болох давхардсан зардлыг танаж, төсвийг шахсан бяслаг шиг тал бүрээс хянаж, оруулахыг үүрэг болгосон" гэв.
Эхний шатны санал хураалтыг наймдугаар сарын 1-нээс цахимаар авна. Иргэд E-Mongolia, “11-11” гар утасны аппликэйшн, мөн Засгийн газрын цахим хуудсаар өгөх боломжтой. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллага, Иргэний нийгмийн байгууллагууд, салбарын яамд, албан тушаалтнууд наймдугаар сарын хугацаанд хоёр долоо хоногийн турш нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Ингэхдээ иргэд болон ААН-үүдийн санал, тулгамдсан асуудлыг сонсож, салбарын бодлогод хэрхэн шингээх талаар хэлэлцэх юм.
Сангийн Сайд Б.Жавхлан хэлэхдээ, "Энэ нь төслийн шинэчлэлийн хүрээнд хийж буй томоохон алхам. Олон нийт ямар ч санал ирүүлж болно. Хамгийн гол нь Засгийн газраас боловсруулсан бодлого, хөгжлийн төлөвлөгөө, төсвийн тухай хуультай нийцсэн байх гэхчлэн ерөнхий шаардлагыг хангасах байх ёстой. Төсвийг боловсруулахдаа нийгмийн зорилтот бүлгийг эдийн засаг, нийгмийн донсолгоонд хамгийн бага өртөх байдлаар зохицуулна. Засгийн газар 2026 оныг хүний хөгжил, боловсролын жил болгохоор тусгасан учраас үүнд чиглэлэсэн төлөвөлгөө гаргасан. Мөн төсвөөр санхүүждэг үйлчилгээ, хөрөнгө оруулалт үйл ажиллагааг аль болох хувийн хэвшилд шилжүүлж, бизнесийн шинэ орчинг нээхээр төлөвлөж байна" гэв.
2026 оны улсын төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьж, УИХ-ын намрын чуулганы нээлтээр буюу аравдугаар сарын 1-нээс анхны хэлэлцүүлгийг хийх аж.