Сар шинийн өдрүүдэд 24 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-03 12:10:02

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Сар шинийн өдрүүдэд орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага нилээд ирж, нийт 24 хүнийг амь насыг авран хамгааллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар нэг зорчигчтой суудлын автомашин,  Булган  аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа”  гэдэг газар найман зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар 40 гаруй албан хаагч 10  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар хоёрдугаар сарын 22-ны өдөр Ховд голын мөс цөмөрсний улмаас эмэгтэй найман настай А осолдож амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж гуравдугаар сарын 1-ний өдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газар гуравдугаар сарын 2-ны өдөр“Хар-Ус” нуурын мөс цөмөрсний улмаас суудлын автомашин осолдож нэг иргэн амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллажээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ