Я.Содбаатар гишүүн малчдад өвс тэжээлийн тусламж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2017-02-25 16:13:38

Өвөрхангай аймгийн хойд сумдаар цас их орсны улмаас малын өвс тэжээлийн нөөц хомсдоод байна. УИХ-ын гишүүн, МАН-ын дэд дарга Я.Содбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Уянга, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумын ард иргэд, малчдад  хандив, тусламж үзүүллээ.

Тэрбээр ХХААХҮЯ, ОБЕГ, Улсын онцгой комисст санал тавьсны дагуу 100 тонн өвс, 20 тонн тэжээл шийдвэрлүүлсэн бөгөөд нэг суманд 10 тонн хивэг, 20 тонн өвсийг үнэ төлбөргүй өгч, багийн Засаг дарга нараар дамжуулан өвс, тэжээлийн тусламж нэн шаардлагатай байгаа малчин өрхүүдэд хүргэлээ. Мөн амьжиргааны баталгаат түвшин доогуур, өрх толгойлсон иргэдэд хүнс, ахуйн хэрэглээ, эм тариа  зэрэг ахуйн хэрэглээний тусламжийг гардуулан өглөө.

Уянга суманд 1865 малчин өрхийн 338 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 11, 12 сард цас ихээр орж, нийт нутгаар цасан бүрхүүл тогтсоны улмаас 200-аад толгой мал хорогдсон байна. Цаашид цас нэмж орвол бэрхшээл учирна гэдгийг сумын засаг дарга Б.Доржтогоо хэлж байв.

- Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

- Уянга сумын 4 дүгээр багийн иргэн Н.Батдолгор гэдэг хүн байна.

- Та ажил хийдэг үү, ам бүл хэдүүлээ вэ?

- Ажил хийдэггүй. Зуны цагаар хар, бор ажилд олдвол хааяа хийдэг. Гурван хүүхэдтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Том охин энэ жил оюутан болсон. Халамжийн мөнгө, хүүхдийн мөнгөөр л амьжиргаагаа залгуулдаг. УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг тойрогтоо ажиллаж, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусламжийн эд зүйл өгч байгаад их баярлаж байна.

Хэдийгээр өвлийн улирал ард үлдэж, урин дулааны цагтай золгож байгаа ч улсын хэмжээнд 11 аймгийн 130 гаруй суманд цагийн нөхцөл байдал тааруу байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар өөрийн тойрогтоо туслах арга хэмжээнийхээ хүрээнд Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан сумын ард иргэдтэй уулзаж, 20 тонн өвс, 10 тонн хивэг, бусад эд материалын тусламжийг сумын удирдлагуудад гардуулан өглөө. Мөн УИХ-ын намрын чуулганаар батлан хэрэгжүүлж эхэлсэн хууль, тогтоомжуудын талаар танилцуулж, ирэх 3 дугаар сарын дунд үеэр ирж тойрогтоо ажиллахаа мэдэгдсэн юм.

Бат-Өлзий суманд 248 мянган толгой мал өвөлжиж байна. Малчид хадлан, тэжээлээ сайн бэлтгэсний улмаас малын хорогдол гараагүй байгаа ч бог малаа тэжээгээд эхэлчихсэн гэдгийг сумын Засаг дарга М.Жамъяншарав хэллээ.

Хужирт суманд 253 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд тарга тэвээрэг сайн байна. Гэвч цас зузаан байгаа учраас малчид малаа ихэвчлэн тэжээж байгаа тул өвс тэжээлийн хомсдолд орж, хаврын улиралд багагүй зүтгэх магадлалтай гэдгийг сумын удирдлагууд хэлж байв.

Харин Зүүнбаян-Улаан сумын хувьд зун бороо, өвөл цас их орсны улмаас нөөцөлсөн хадлан, тэжээл илжрэх, хөлдөх аюулд ороод байгаа аж. Тус суманд 208 мянган толгой мал өвөлжиж байгаа ба Эмгэг, Цахиурт, Хад, Цохиот багуудаар цас ихтэй, мал өвс олж идэх боломжгүй байгаа юм.

Цаг тааруу, өвс тэжээлийн нөөц бага, малчдад эдийн засгийн боломж тааруу байгаа энэ үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар тойрогтоо ажиллаж, ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэгийг үзүүлсэнд сумдын ард иргэд баярлаж талархан хүлээн авлаа.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ