Зүүнбаян-Улаан сум 28 жилийн дараа “Улсын аварга саальчин”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-24 13:44:42

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, тус аймгийн болон сумдын удирдлагууд, газар хэлтсийн дарга нар, хэвлэл мэдээллийн албаныхан аварга малчдадаа шагнал гардуулахаар хөдөө нутгийг зорихдоо ихээхэн урамтай явцгааж байв.

2016 онд Өвөрхангай аймгийн мал сүргийн тоо толгой 5 сая 208 мянгад хүрч, улсдаа хоёр жил тэргүүлсэн амжилтыг хөдөөгийн малчид маань авчирсан. Үүний үр дүнд Өвөрхангай аймгаас “Монгол улсын аварга малчин” 7 төрсөн бөгөөд 28 жилийн дараа сэргээж, дахин олгож эхэлсэн “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга саальчин” хэмээх цол тэмдгийн эзнээр улсад тус бүр 5 хүн шалгарсны хоёр нь Өвөрхангай аймгийнх байлаа. Мөн “Аймгийн манлай малчин” 6, “Аймгийн аварга малчин” 59, “Аймгийн шилдэг фермер” 1, “Аймгийн аварга тариаланч” 2 төрсөн бөгөөд хамгийн олон аварга төрүүлсэн аймгаар Өвөрхангай манлайллаа.

Гал бичин жилийн аваргуудынхаа шагналыг хотонд нь гардуулах үйл ажиллагаа 2 сарын 15-аас эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2 сарын 20-22 өдрүүдэд Уянга, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдад ажиллаж “Улсын аварга малчин”, “Улсын аварга саальчин”-д шагнал гардуулахын зэрэгцээ “Малчдад туслах сайн санааны аян”-ыг зохион байгууллаа.

Зүүнбаян-Улаан сум 28 жилийн дараа “Улсын аварга саальчин”-тай боллоо

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр “Улсын аварга саальчин” хэмээх хүндэт цолыг энэ жил сэргээгээд байна. Таван саальчин Улсын аваргаар шалгарсны нэг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн саальчин Дэлэгийн Долгор байлаа.

Буянт малынхаа ашиг шимийг арвижуулан хүн ардын хүнсний хэрэгцээнд онцгой хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан Д.Долгор гуайд мөнгөн бүслүүртэй агар хувин, мөнгөн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар гардуулан өгсөн юм.  Мөн аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга н.Цэнгэл нар баяр хүргэн “Батламж”, ХХААГ-ын “Өргөмжлөл”, алдаршуулах хаяг, дурсгалын зүйл зэргийг гардуулсан бол сумын удирдлагууд “Талархал”, гарын бэлгээр мялаалаа.

Д.Долгор гуай 16 настайгаасаа аав, ээжээ даган мал маллаж, 1970 оноос эхлэн тасралтгүй 46 жил саальчнаар ажиллаж байна. Энэ хугацаанд сум, аймгийн аварга саальчнаар 4 удаа шалгарч байсан бөгөөд нөхөр Т.Батмөнхийн хамтаар 2007 онд “Сумын мянгат малчин”, 2009 онд “Аймгийн сайн малчин” болж байсан аж. Тэднийх энэ жил 60 адуу, 94 үхэр, 458 хонь, 60 ямаа нийт 672 мал тоолуулжээ. Шагнал гардуулахаар очих үед гүү унагалсан байсныг хуран цугласан хүмүүс бэлгэшээн ерөөж байв.

Сумандаа 28 жилийн дараа эрхэм хүндтэй цол авчирч буй улсын аварга саальчин маань “Тэмээнээс бусад малыг саасан. Хангай газар болохоор тэмээ маллаж байсангүй. Нэгдэл гэж байхад зуны улиралд нэг бүдүүн үнээнээс 250, гунжнаас 200 литр сааж, төлөвлөгөөгөө 100-130 хувиар биелүүлдэг байсан” хэмээн хуучлаад саальчин хоёр бэрээ ч өөрийнх нь амжилтыг давуулан биелүүлж, улсын аварга саальчин болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан юм. Аваргынх 50 гаруй үхэр сааж, сүү, сүүн бүтээгдэхүүнээр аймаг, сумын ард иргэдийг хангаж байна. 2016 онд 32 мянган литр сүү сааж, 15920 тонн цагаан идээ боловсруулан 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Зүүнбаян-Улаан сумын Цахиурт хэмээх энэхүү багийн нутаг  нийтдээ цасанд дарагдсан байх ба биднийг очих өдөр ч цас үргэлжлүүлэн бударсаар байлаа. Гэвч аваргын гэр дулаан, мал өнгөлөг, эзэд нь эрч хүчээр дүүрэн байсныг онцлоё.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ