Гурван талт хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүй бол хамтын маргаан эхлүүлнэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭ-ийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, "Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрахыг дэмжиж байна. Гэхдээ Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх зарим заалтыг ОУВС-тай хийж буй хөтөлбөрт тусгах ёстой" хэмээн мэдэгдлээ.
Тухайлбал, нэг сарын өмнө байгуулсан Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээрт "Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход талууд зөвшилцөж байж шийвэрлэнэ" хэмээн туссан атал Засгийн газар, ОУВС-гийн одоогийн тохиролцоогоор бол 7 төрлийн татвар нэмэхээр болж буй.
Мөн “Валютын ханшний өсөлтөөс шалтгаалан аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ” хэмээн гурван талт хэлэлцээрт оруулсан ч зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл үүсч байгаа. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмж, цалинтай холбоотой асуудлыг зөвшилцөлгүй шийдвэрлэсний зэрэгцээ “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт ч мөн зөрчигдөхөөр байгаа тул хамтын маргааныг эхлүүлнэ гэж Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярьлаа.
Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан эхлүүлж болдог аж. Хамтын маргааны тэмцлийн эцсийн хэлбэр нь ажил хаялт бөгөөд ажил хаялтад хүрэлгүй асуудлыг шийдэх бололцоотой гэдгээ тэд илэрхийллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ