Сангийн яам төсвийн тодотголыг Засгийн газрын хуралдаанд оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-20 10:58:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцсон.

Ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоог ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр оруулж батлуулна. Үүний өмнө урьдчилсан байдлаар гурван нөхцлийг тохироод буй. Нэгдүгээрт төсвийн тодотголыг батлуулах, хоёрдугаарт Монголбанкнаас ипотекийн зээлд шинэ санхүүжилт хийхгүй байх, шинээр гарах зээлийн хүүгийн зардлыг улсын төсөвт тусгахаар тохирсон. Гуравдугаарт Монголбанк төсвөөс гадуур ямар нэг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх гэсэн үндсэн гурван нөхцөл тохирсон юм.

Тохиролцооны хүрээнд Сангийн яам ирэх лхагва гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанд төсвийн тодотголоо оруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Сангийн яам одоогийн байдлаар ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй хийсэн тохироогоо тус төсвийн төсөлд тусгасан аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ