Дөрвөн салбарын аж ахуй нэгж 90 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай болжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэж буй аж ахуйн нэгж байна. Иймээс нэр бүхий салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулинд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх гэнэ. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.
Б.Туул