Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдөр
ВИДЕО МЭДЭЭМонгол Улсын мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг анхны мэдээгээ 1921 оны гуравдугаар сарын 18-нд "Монголчуудын бослого" гарчигтайгаар хилийн чанадад цацсан түүхтэй.
Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлсөн тухай энэхүү товч мэдээ тухайн оныхоо гуравдугаар сард "Правда" сонины 68-р дугаарт хэвлэгдсэн нь манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болсон юм.
Тэгвэл өнөөдөр тэрхүү түүхт хувьсгалын удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин-Монгол ардын намыг үүсгэн байгуулагч, жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдөр тохиож байна. Жил бүрийн эл өдөр монголчууд Ардын хувьсгалын их удирдагчаа дурсан санаж, түүний нэрээр нэрлэгдсэн улсын төв талбай дахь жанжныхаа хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.
Энэ жилийн тус өдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАНын ЕНБДарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, МАН-ын ажлын алба, намын гишүүд Их жанжны хөшөөнд цэцэг өргөлөө. Тусгаар тогтнолын ордонд судлаач О.Баатарын “Сүхбаатар жанжин” хэмээх түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, мөн Монголын үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт үзмэрийн үзэсгэлэн гарснаас гадна Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.