Зөөврийн ус түгээх байрууд хэвийн ажиллах боломж бүрдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн төвд төвлөрсөн 21, зөөврийн 35 ус түгээх байр буюу худаг байдаг байна.
Өнөөдрийн байдлаар 6 дугаар багийн 10 дугаар гудамжны ус түгээх байр хөлдсөнөөс дэлбэрсэн, 7 дугаар багийн 21 дүгээр гудамжны худаг хөлдөөд хоёр сар болсон, гуравдугаар багт 2 ус түгээр байр, 4 дүгээр багт 3 худаг огт ажиллахгүй байгаа юм.
Одоогоос 8 жилийн өмнө зөөврийн ус түгээх байрыг хувьчлах аймгийн ИТХ-ын шийдвэр гарч иргэнд өмчлүүлсэн байдаг. Гэвч хүйтэн сэрүүний улиралд өдөрт усан сангаа галлах зардал зэрэг урсгал зардлаа ч нөхөж чадахгүйн улмаас эзэмшигчид нь хувьчилж авсан худгаа ажиллуулж чадахгүйд хүрчээ. Мөн зарим худаг байрлаж байгаа гудамжны өмнө, хойно байх гудамж нь нарийн гудамжгүйгээс усаа борлуулах боломжгүй болдог аж.
Тиймээс Баянхонгор сумын ИТХ-аас ус түгээх байрны хэвийн үйл ажиллагааг хангахад хоёр сая төгрөгийг Орон нутгийн хөгжлиийн сангаас шийдвэрлэлээ. Үүгээр нэг бүр нь 80 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий шөнийн тоолуур тавих арга хэмжээг авах аж. Ингэснээр усан сангууд шөнийн цагаар халаалтын тень зэрэг эх үүсвэрээр дулаанаа хангаж, үйл ажиллагаа нь жигдрэх боломж бүрдэх юм байна.
Мөн “Чандмань Баянхонгор” ХК-тай тодорхой хэмжээний усны үнэнд хөнгөлөлт үзүүлэх хүсэлт хүргүүлж, зарим газарт нарийн гудамж гаргах арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд цаашид аймгийн ИТХ-д Ус түгээх байрны хувьчлалыг эргэн харах асуудлаар санал хүргүүлэхээр болжээ.
Б.Мөнхзул
Холбоотой мэдээ

