Ерөнхийлөгчийн сонгууль явуулах өдрийг товлоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-24 09:10:46

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо Төрийн ордонд хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Арбитрын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Мөн Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсоно.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл сонсох юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай, ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай зэрэг тогтоолыг авч хэлэлцэнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийхээр товолжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ