Даргын машиныг мөснөөс татахад тусалсан иргэн эрүүл мэндээрээ хохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-17 13:57:00

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 шууд утсанд БОЭТ-тэй холбоотой гомдол, мэдээлэл иргэдээс тасралтгүй ирдэг. Үүнтэй холбоотой нэг мэдээллийг тодрууллаа.

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын ИТХ-ын даргын Lexux 470 маркийн машин тус сумын төвөөс баруун урагш 20 орчим километрт орших Таацын цагаан нууранд суусан байна. Нуурын дунд хэсэгт мөс цөмөрч суусан машиныг гаргахаар нутгийн хэсэг залуус  нуурын мөсийг ухан зайлуулж 200 орчим метрийн зайнаас эксковатороор татаж дөрөв хоног оролдсон байна.

Энэ үеэр Баруунбаян-Улаан сумын иргэн Г.И нь эксковатор жолоодож байхдаа иргэн Б.Б-г  эксковаторын кабин, шанага хоёрын дунд цээж, толгойг нь хавчиж хүнд гэмтээжээ.  Тухайн үед  иргэн Б.Б хамар, ам, чихнээс цус маш хүчтэй олгойдож, ухаан алдсан бөгөөд тус  сумын эмнэлгийн их эмч Д.Байгаль анхны тусламж үзүүлж, сумын эмнэлэгт нэг хонуулаад аймгийн БОЭТ-д хүргэж иржээ.

БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хэвтүүлж, томограф болон бусад шинжилгээг хийлгэхэд “тархины гэмтэл байхгүй” гэсэн онош гаргасанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм. БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Энх-Амгалан, Чанарын албаны дарга Д.Болормаа, Гэмтлийн тасгийн эрхлэгч эмч н.Батмягмар нар “Яагаад хүнээ заавал гэмтэлтэй болгох гээд байгаа юм бэ. Энэ хүн чинь тархиндаа гэмтэл аваагүй байна. Сүүлийн үеийн найдвартай багаж, тоног төхөөрөмжөөр оношилж байгаа учраас эргэлзэх зүйл байхгүй, ийм хөнгөн гэмтэлтэй хүнийг хот руу хүргэхгүй” гэсэн хариу хэлсэн байна.

Хохирогчийн биеийн байдал муу байсны улмаас ар гэрийнхэн нь удаа дараа хүсэлт тавьсны дагуу Улаанбаатарт ГССҮТ-д үзүүлэн нарийн шинжилгээ өгөхөд “тархины суурь ясны хугарал” гэсэн онош тавигдаж, үргэлжлүүлэн эмчилгээ хийсээр байна. БОЭТ-ийн Гэмтлийн эмч нар томографийн зургаа уншиж, тайлж мэдэхгүй байсан уу, эсвэл ямар нэг нөлөөгөөр албаар буруу онош тавьсан уу гэдгийг одоогийн байдлаар шалгаж байгаа аж.

БОЭТ-ийн эмч нарын тавьсан буруу оношийг үндэслэн аймгийн Цагдаагийн газрын Шүүхийн шинжээч эмч Ц.Халтархүү иргэн Б.Б-ийн биед үзлэг хийлгүйгээр гэмтлийн зэргийг нь “хөнгөн” тогтоож, Цагдаагийн байгууллага хэргийг хаах саналтайгаар Прокурорт шилжүүлсэн байсныг ар гэрийн хөөцөлдлөгөөтэйгээр илрүүлэн мөрдөн байцаалтын шатанд буцаагдаад байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч эмч нар томилогдон өвчтөнийг “хүнд” гэмтсэн гэж оношилжээ. 

Түүнчлэн Баруунбаян-Улаан сумын ИТХ-ын даргын машин нууранд цөмөрч ороогүй бол, машин нь суугаад хэд хоноход ИТХ-ын дарга унаа тэргэндээ санаа тавьж, сумын Онцгой комисс буюу мэргэжлийн ангиа ажиллуулсан бол өнөөдөр иргэн хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирохгүй байх байсан гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн нь мэдээллээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ