ОХУ, Умард Солонгос хамтарсан байгууллагатай болно

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-10-15 10:34:53

ПХЕНЬЯН. /NHK/. ОХУ болон Умард Солонгос худалдааны хамтарсан байгууллага байгуулахаар тохиролцлоо гэж ОХУ-ын албаны хүн мэдэгдэв.

Талууд Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийжээ. Умард Солонгосын Гадаад худалдааны сайд Ри Рён Нам болон ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка уг уулзалтад оролцсон байна.

Алс Дорнодын хөгжлийн яамны мэдээлснээр, худалдааны хамтарсан байгууллага байгуулах нь гуравдагч орны оролцоогүйгээр хоёр талын худалдааг өргөжүүлэх зорилготой юм.

Уг байгууллагаар дамжуулан хийх худалдаанд хоёр орны мөнгөн тэмдэгтийг ашиглах бөгөөд энэ жил эхлүүлэх төлөвтэй байна.

Умард Солонгос болон ОХУ 2020 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг нэг тэрбум долларт хүргэх зорилт тавьжээ. Мөн ОХУ-аас Умард Солонгост эрчим хүч нийлүүлэх тухай хэлэлцэж байна.

Хамгийн том худалдааны түнш, урт хугацааны дэмжигч болох БНХАУ-аас Умард Солонгос зайгаа барьж байгаагаа үүгээр харуулж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ