Хойд мөсөн далай болон Атлантын далайд өрөмдлөг хийхийг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-12-21 10:41:21

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд мөсөн далай болон Атлантын далайн ихэнх хэсэгт нефть, байгалийн хийн хайгуулын өрөмдлөг хийхийг хориглолоо.

Тивийн гаднах газар нутгийг хамгаалах тухай хуулийн дагуу Б.Обама тодорхой газруудад нефть, байгалийн хийн ордуудад олборлолт, хайгуул хийхийг хориглох эрхтэй юм. Уг хуулийн хүрээнд АНУ-ын Чукотын тэнгис болон Хойд мөсөн далай дахь Бофортын тэнгисийн ихэнх хэсэг, Атлантын далай дахь 31 хавцалд өрөмдлөг хийхийг хориглосон байна.

АНУ-аас гадна Канад улс Хойд мөсөн далайн усанд өрөмдлөг, байгалийн хий олборлох үйл ажиллагааг хориглох бөгөөд үүнийгээ уур амьсгал болон далайг судлах шинжлэх ухааны үнэлгээнд тулгуурлан таван жил тутамд эргэн хянах болно гэж Цагаан ордон мэдэгджээ.

“АНУ болон Канадын авсан уг арга хэмжээ нь дэлхий дээрх бусад бүс нутагтай харьцуулшгүй эмзэг бөгөөд өвөрмөц экологийн тогтолцоог хамгаалах зорилготой юм. Хоёр орны тавьсан аюулгүй ажиллагааны өндөр стандарт болон энэ бүс нутагт нефть асгарах эрсдэл их байдаг, бүс нутгийн байгалийн хатуу ширүүн нөхцөлд нефтийг цэвэрлэх боломж хязгаарлагдмал байдаг. Ийм учраас энэ арга хэмжээнд шинжлэх ухааны үнэлгээг тусгасан” гэж Б.Обама мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ