Есдүгээр сард орон сууцны борлуулалт өмнөх саруудаас бага зэрэг өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-14 15:32:22

“Орон сууцны үнийн индекс”-ийн есдүгээр сарын байдлаар 9.3 хувьтай гарлаа хэмээн Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас мэдэгдлээ.

Дээрх судалгааг гаргахдаа нийслэлд борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5226 орон сууцны мэдээллийг хамруулжээ. 

Шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.1 хувиар буурчээ. Шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ нь  2 сая 47 мянган төгрөг болж өмнөх сараас 1.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар буурсан байна. Шинэ орон сууц Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байгаа  бол  Сонгино хайрханд хямд өртөгтэй буюу 1 сая 530 мянган төгрөг байгаа аж.

Тэгвэл хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 3.7 хувьтай гарснаар өмнөх сараас -1.6 хувиар, оны эхэн үеэс -10.7, өнгөрсөн оны мөн үеэс -13.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 88 сая 720 мянган төгрөг болж өмнөх сараас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар тус тус буурсан байна.

 Түүнчлэн есдүгээр сарын  орон сууцны борлуулалт өмнөх саруудаас бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ. Дашрамд дурдахад 2009 оны хямралын үед орон сууцны борлуулалт 20 гаруй хувиар буурч байжээ.

Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ