Зүүн Азийн тэмцээнээс Өвөрхангайн сурагчид 13 медалийг авчирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-02 01:29:20

Хонг Конг улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит Зүүн Азийн бүсийн тэмцээнээс Өвөрхангайн долоон  тамирчин 13 медальтай иржээ.

Тэд бүгд Арвайхээр сумын “Соёмбо” цогцолбор сургуулийн тусгай бүлэгт суралцдаг бөгөөд сурагч Ч.Булгантамир агаарын теннисээр ганцаарчилсан болон холимог төрөлд хос алт, А.Мөнхтөр ширээний теннисээр алт, Д.Эрдэнэбат бөөрөнцөг шидэлтээр алт, ойрын зайн 100 м-ийн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн бол Т.Балдаахайням 200 м-ийн гүйлтэд алт, 100 м-т тусгай байрын шагналын эзэн болжээ.

Мөн Б.Гэрэлмаа ширээний теннисээр хосын төрөлд хүрэл, холимогт алтан медаль, Г.Лхагвабат агаарын теннисээр хос болон холимог төрөл тус бүрт алт, Т.Дэлэгжаргал ганцаарчилсан тоглолтонд мөнгө, хос тоглолтоор алтан медалийг авлаа.

Эдгээр сурагчдыг тус олимпод оролцох эрхийг авахад нь аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, төрийн байгууллагын хэмжээнд хандивын аян өрнүүлсэн бөгөөд ийнхүү итгэл найдварыг дааж, хөгжлийн бэрхшээлээс шантрахгүй гэдгээ баталсан юм.

11 сарын 24-29 өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Макао, Хонконг, Монгол Улс болон Тайваний  300 гаруй  тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас 23 тамирчин явж, 30 медаль эх орондоо авчирчээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ