Амь эрсэдсэн цагдаа нарыг дурсан саналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-02 01:06:19

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдаа дурсан санах “Бид мартахгүй” өдөрлөгийг 10 дахь жилдээ зохион байгуулаад байна.

Өдөрлөгөөр нийгмийн амар тайван байдлыг хангах хүнд хүчир албандаа мөр зэрэгцэн ажиллаж явсан цагдаагийн ахлагч Д.Пүрэвсүрэн, цагдаагийн ахлах ахлагч Д.Гантулга, цагдаагийн дэд ахлагч Ц. Буянжаргал нарыг дурсаж, тэдний ар гэрт хүндэтгэл үзүүллээ.  Эдгээр албан хаагчид нь эргүүлийн үүргээ гүйцэтгэж, хамгаалалтын албанд ажиллаж, дуудлагаар явж байхдаа бусдын гарт амь насаа алдсан байна.

Тэдний аав, ээж, гэргий нарыг  Цагдаагийн газрын дэргэдэх зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзсан ба тус бүрт “Дурсамж”,  30000  төгрөг, мөн 10 шуудай нүүрсийг  гардуулж өгсөн юм. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо хошуучлан ажилласан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батнасанд “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчид”-ын нэрэмжит шагналыг гардууллаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ