Өвөрхангай аймагт мотоциклийн хулгай өссөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-01 23:48:29

Өвөрхангай аймагт мотоциклийн хулгайн гэмт хэрэг өсөлттэй байна. Аймгийн Цагдаагийн газарт 2016 он гарсаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаагаас мотоциклийн хулгайн гэмт хэрэг 11.8 хувийг нь эзэлж байгаа юм.

Тус цагдаагийн газрын 7032102 дугаарын утсанд мотоцикль хулгайд алдагдсан гэх дуудлага долоо хоногт дунджаар 2-3 удаа ирдэг байна. 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд ашиг олох, шунахайн сэдэлтэйгээр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа бөгөөд энэ нь нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой ч нөгөө талаар ажил хөдөлмөр эрхлэх насны залуус амар хялбар аргаар мөнгө олох зорилготой байгаа нь тэдний ухамсар доройг харуулж байна хэмээн цагдаагийн алба хаагчид үзэж байна. Мотоциклийн хулгайн гэмт хэргийг илрүүлэлт 53.8 хувьтай байна. Хэрэг илрэхгүй удах шалтгаан нь иргэд худалдаж авсан тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, улсын дугаарыг аваагүй, хариуцлагагүй байдалтай холбоотой аж.

Хулгайн гэмт хэрэг ихэссэнтэй холбогдуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, Олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд урамшуулалт эргүүл, Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг баг тус бүр дээр ажиллуулж байгаа ба Өвөрхангай аймгийн хэмжээнд  олон нийтийн цагдаагийн 10 ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд санал хүргүүлснээр Хөршийн холбоог байгуулан ажиллаж эхэлжээ. Одоогоор Арвайхээр сумын 6 болон 11 дүгээр багт энэ ажил амжилттай хэрэгжиж, ахлагчийг томилон ажиллуулж байна.

Хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт 10 хувиар буурчээ.

Дашрамд мэдээлэхэд, он гарсаар өмчийн эсрэг 116 гэмт хэрэгт 151 хүн холбогдсон нь 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд байгаа аж.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ