“Мастер, Маргарита хоёр” романаас сэдэвлэсэн жүжгийн найруулагчаар Э.Билгүүн ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид М.А.Булгаковын “Мастер, Маргарита хоёр” алдарт романаас сэдэвлэсэн жүжгийг 2027 онд тайзнаа толилуулахаар болжээ.
Энэхүү бүтээл нь тус театрын “Шинэ замд хамтдаа” стратегийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх ба 2027 оныг “Сэдэвлэсэн жүжгийн жил” болгож буй юм.
"Мастер, Маргарита хоёр" жүжгийг Э.Билгүүн саунд драма төрлөөр бүтээх юм. Тэрбээр Москвагийн Театрын Урлагийн дээд сургуулийг төгссөн бөгөөд А.П.Чехов, А.П.Казанцев, Б.Брехт, Н.В.Гоголь, И.А.Бродский, А.Грин зэрэг зохиолчийн бүтээлийг ОХУ-ын театрын тайзнаа, Жан Женегийн “Үйлчлэгчид” жүжгийг Беларусийн тайзнаа, А.Гриний “Аранзал дарвуулт хөлөг” жүжгийг Казахстаны тайзнаа найруулан тавьж, хөгжмийн зохиолчоор ажилласан туршлагатай аж.
Театрын урлагийн хувьд "Мастер, Маргарита хоёр" романыг тайзнаа амилуулах нь найруулагчдаас асар их ур чадвар шаарддаг сорилт гэж тооцогддог. 1977 онд Москвагийн Таганка театрт Юрий Любимовын найруулсан жүжиг хамгийн сонгодог хувилбарт тооцогддог байна. Тэрбээр орон зайн шинэлэг шийдлээрээ уг романыг тайзны урлагт нээж өгсөн юм.
Олон улсын театрын практикт уг романыг найруулахдаа
"Мастер, Маргарита хоёр"-ыг зөвхөн драм бус, харин мультижанр буюу
олон төрөлт урлагийн нэгдэл хэлбэрээр тавих нь түгээмэл байдаг байна.