Монголын уулчдын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын уулчдын түүх анх 1955 онд Отгонтэнгэр хайрханд авирснаар эхэлдэг.
Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг Монголын уулчдын өдөр болгохоор шийдвэрлэсэн түүхтэй. Отгонтэнгэр хайрханд авирсан түүхэн өдрөөс улбаалан тус оргилын өндрийг (4021м) бэлгэдэн, жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-нд уулчдын өдрийг тэмдэглэх болжээ. Манай улс энэхүү өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ удаа уулчдын цогцолборт хүндэтгэл илэрхийлсэн байна.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд 1955 оны зургаадугаар сард гарсан нь цас мөстэй ууланд альпинизм хэлбэрээр авирсан анхны авиралт гэж үздэг.
Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулж, ууган мастеруудын нэг Ж.Нямсүрэнгээр удирдуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 1951 оны зургаадугаар сарын 26-нд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд гарсан юм.
Энэ үйл явдал нь Монголын уулчдын түүхийн эхлэлийг тавьсан хэдий ч, мэргэжлийн түвшинд, мөсний тах зүүж, мөнх цастай уулын оргилд хөл хүрсэн авиралт нь Отгонтэнгэрийн авиралт байсан гэж үздэг байна.

