БАЯНХОНГОР: Бяцхан инженерүүд ур чадвараа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-17 17:17:34

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбатын ивээл дор, Боловсролыг дэмжих жилийн хүрээнд “Бяцхан инженерүүд-2026” аймгийн аварга шалгаруулах уралдааныг Боловсролын газар, “Гэгээн сумади” сургууль цэцэрлэгийн цогцолбор хамтран зохион байгуулж байна.


Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, бүтээлч, асуудал шийдвэрлэх, туршиж ойлгох, хийж сурах чадварт суралцуулах зорилготой "Шимт" хөтөлбөрийн агуулгаар тус уралдааныг явуулж байна. Тэмцээнд 15 цэцэрлэгийн 44 хүүхэд, 22 багш мэдлэг ур чадвараа сорьж байгаа бөгөөд оролцогч багууд 5 сэдвээс нэг сэдвийг сонгон нэг цагийн турш анхаарлаа төвлөрүүлэн өгөгдсөн сэдвийн дагуу зохион бүтээж байна.

Шимт гэдэг нь Ш - шинжлэх ухаан, И - инженерчлэл, М - математик, Т - технологи гэдгийн товчлол буюу олон улсын нэршил нь “STEAM” гэж нэрлэгддэг байна. "Шимт" хөтөлбөр Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолборт сүүлийн гурван жил хэрэгжиж байгаа бөгөөд “Бяцхан инженерүүд” аймгийн аварга шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулж байгаа юм.


2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа эдийн засагч Б.Даваадалай хөдөөгийн хүүхэд багачуудын сургалт тоглоомын хэрэглэгдэхүүнийг шинэчлэхээр санаачилга гарган Баянхонгор аймгийн төрийн өмчийн 35 цэцэрлэгийн багачуудад логик сэтгэлгээ, сэтгэх чадварыг хөгжүүлэх, туршиж ойлгох хандлага мэдлэгийг олгох онцлог бүхий тоглоом хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж өгөх үүднээс математик, инженерчлэлийн технологийн багц сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр шийдвэрлэжээ.

Энэ тоглоом хэрэглэгдэхүүний эзэд блок ашиглан гэр, байшин, гүүр барих зэрэг бүтээн байгуулалт угсарч, дугуй араа эргэх зарчим, ургамал тарих, ажиглах зэрэг баялаг өгөгдөхүүнээр мэдлэг чадвараа сорьж байна.

Холбоотой мэдээ