ӨВӨРХАНГАЙ: Мандалговь, Арвайхээрийг эрчим хүчээр найдвартай хангах төслийг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-17 14:06:21

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь, Өвөрхангай аймгийн төвийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зээлийн хэлэлцээр хийнэ.


Тодруулбал, “Эрчим хүч-4” төсөл буюу Мандалговь–Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт, 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцын өргөтгөлийн ажлыг олон улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас олгох 78.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм.


Тус зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлаар заавал соёрхон батлах гэрээ бөгөөд зээлийн хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна. Зээлийн хүү нь баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR)-д 1.4 хувийн нэмэгдэлтэй, хувьсах нөхцөлтэй байх юм.


Төсөл хэрэгжсэнээр Мандалговь-Арвайхээрийг холбосон 287 км урт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Өвөрхангай” дэд станцыг шинээр байгуулан, “Баянхонгор”, “Арвайхээр”, “Мандалговь” дэд станцуудыг өргөтгөх ажлууд хийнэ. Үүний үр дүнд бүс нутгийн 50 мянга гаруй хэрэглэгчийг найдвартай цахилгаан эрчим хүчинд холбохын зэрэгцээ баруун бүсийн аймгуудад хэрэгжих хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэх юм.


Холбоотой мэдээ