Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 60 жилд 45 мянган төгсөгч бэлтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-16 17:15:26

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлсэн 60 жил” төгсөгчдийн уулзалт тус коллежийн хичээлийн байранд өнөөдөр боллоо.


Тус сургууль төрийн өмчийн, шаталсан сургалтын тогтолцоотой, гурван шатлалаар магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллага юм. Өнөөгийн байдлаар 2.150 гаруй суралцагч, 130 гаруй багш, ажилтантай сургалтын үйл ажиллагаа явуулж буй юм. 

Энэ үеэр сургуулийн захирал Д.Буяндэлгэр ярихдаа, “Манай коллеж үйлдвэрлэл, хоршооллын чиглэлийн анхдагч сургуулиудын нэг бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, аж үйлдвэрийн хөгжилтэй уялдуулан мэдээллийн технологи, аж үйлдвэр, өв соёл, урлаг зэрэг олон салбарт мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж байна. Түүхт 60 жилийн ойг тохиолдуулан үе үеийн төгсөгчдийн уулзалт болон спортын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ хугацаанд манай сургууль 45 мянга гаруй төгсөгчийг бэлтгэн, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн бөгөөд төгсөгчид маань салбар бүрдээ амжилттай ажиллаж, манлайлан оролцож байна. Манай төгсөгчдөөс 17 гавьяат болон салбарын нэр хүндтэй олон алдартан төрөн гарсан нь бидний бахархал юм. Иймд нийт төгсөгчдөдөө хандан хэлэхэд, сургууль тань та бүхнээрээ үргэлж бахархаж, Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмрээр тань талархаж байдгаа илэрхийлье” хэмээн онцолсон юм.


Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, 1974 оны “Үсчин” мэргэжлийн төгсөгч Ц.Цогзолмаа, “Би 1972 онд 8 дугаар ангиа төгсөөд Нийтийн ахуй үйлчилгээний үсчин, үсчний ангийн хамгийн анхны ангид элсэн орж байлаа. Тухайн үед манай анги Монгол Улсад үсчний мэргэжлийн боловсрол олгож эхэлсэн анхны ангиудын нэг байсан юм. Ингээд 1974 онд төгссөн.  Төгсөөд би шууд ажлын гараагаа эхлүүлж, үсчний мэргэжлээр тасралтгүй ажилласан. Мөн төгссөн жилдээ, тухайн үед дөнгөж эхэлж байсан олон улсын гоо сайхан, үсчний тэмцээнд оролцох боломж надад тохиосон. Тэр үед олон улсын тэмцээнд моделиор оролцоно гэдэг маш нэр хүндтэй, ховор боломж байлаа. Энэ бүх боломж, амжилтын эхлэл нь миний энэ сургуульд элсэн орж, мэргэжлээ эзэмшсэнтэй шууд холбоотой гэж боддог. Иймээс би өнөөдөр энэ сургуулийг төгсөж, үсчин мэргэжлийг эзэмшсэндээ чин сэтгэлээсээ баярлаж, бахархаж явдаг. Учир нь миний амьдралын замнал, ажил мэргэжлийн эхлэл эндээс тавигдсан” хэмээн дурсан ярилаа.


Сити их сургуулийн тэнхимийн эрхлэгч, үсчин гоо заслын мастер, технологич, 2010 оны төгсөгч Г.Гандиймаа, “9 дүгээр ангиа төгсөөд өөрийн хүсэл сонирхлоор энэ сургуулийг сонгон элсэж байсан. Ингэснээр бүрэн дунд боловсрол эзэмшихийн зэрэгцээ нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг эзэмших боломж олдсон. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, цаашлаад багшилж, салбартаа үлгэр дуурайл болохыг зорин ажиллаж байна. Хүн мэргэжилдээ хайртай, тууштай, хичээл зүтгэлтэй байх нь чухал. Ингэж чадвал мэргэжил тань амжилт, үр өгөөжийг авчирдаг. Мөн энэ салбар цаг үеэсээ хоцролгүй, байнга шинэчлэгдэн хөгжиж байдаг онцлогтой. 

Мөн ажлын байранд гарсны дараа ч төгсөгчид сургуультайгаа нягт холбоотой байдаг. Бид олон улсын болон дотоодын тэмцээн, уралдаанд оролцсон туршлага, шинэ мэдлэг, ур чадвар, бүтээл, ном товхимлоо дараагийн үеийн оюутнууддаа хуваалцаж, тэдний хөгжилд хувь нэмэр оруулдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь үндэсний болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг монгол улсын тэргүүлэх болон үйлчилгээний салбарын анхдагч сургууль юм. Манай оронд аж үйлдвэрийн үндэс суурь тавигдаж, тэнд ажиллах мэдлэг, ур чадвартай мэргэжилтэй ажилтан, ажилтныг бэлтгэх шаардлага зайлшгүй бий болсноор Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол гараагаа эхэлжээ.


Тус коллеж мэдээлэл технологи, бизнес удирдлага, инженерчлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, урлагийн салбарт 28 хөтөлбөрөөр мэргэжилтэй ажилтан, 12 хөтөлбөрөөр техникчдийг бэлтгэн суралцуулж байна.   







Холбоотой мэдээ