ТӨВ: Аюулгүй байдлыг өдөр тутмын дадал болгохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-16 16:48:24

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян-2026”-г эхлүүллээ.


Энэ жилийн аяны хүрээнд ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах, байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлэх зорилготой олон талт ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Жил бүрийн 4 дүгээр сарыг дэлхий нийтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар болгон тэмдэглэдэг. Энэ жилийн аяныг Олон улсын хөдөлмөрийн байгууллага “Ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна.

  • Аяны нээлтэд 30 гаруй байгууллагын 70 гаруй албан хаагч танхимаар, 27 сумын зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй иргэн, албан хаагч цахимаар оролцжээ.


    Нээлтийн үеэр аймгийн ХАБЭА-н зөвлөлөөс Төв аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн гурван жилийн байдлаар үйлдвэрлэлийн ослын 92 тохиолдолд 140 хүн өртсөн бөгөөд энэ үзүүлэлт нь бусад аймгийн дунджаас 1.6-1.7 дахин өндөр түвшинд байгааг онцлов.


    Мөн үйлдвэрлэлийн ослын дийлэнх нь унах, эд зүйлд дарагдах, мөргөлдөх зэрэг механик эрсдэлтэй холбоотой бөгөөд нийт ослын 58.7 хувь нь хүний болон удирдлагын хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурдав.


    Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Батцэцэг, "Аюулгүй байдал зөвхөн бичиг баримтаар хязгаарлагдах зүйл биш, харин өдөр тутмын дадал байх шаардлагатай" гэдгийг дурдав. Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг уриаллаа. 


    Холбоотой мэдээ