ӨМНӨГОВЬ: Барилгын салбарын хүний нөөцийг орон нутагт бэлтгэх асуудлыг хөндлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-17 10:32:43

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн барилгын салбарынхан “Хаврын нээлт” үйл ажиллагааг энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Энэ хүрээнд салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт болон мэргэжлийн ур чадварын тэмцээн болж байна. 

Зөвлөгөөнөөр барилгын салбарын хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын хэрэгжилт болон салбарт тулгамдаж буй хүний нөөц, барилгын материалын чанар, хүртээмж, хяналт чанарын асуудлыг хэлэлцжээ.

Барилгын чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, паспортжуулалтын хэлтсийн дарга Д.Батням, “Монголын барилгын үндэсний ассоциац”-ын гүйцэтгэх захирал М.Энхбаатар, Монголын барилгачдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Өлзийбат нар оролцож, илтгэл танилцуулсан юм.


Мөн "Ур чадвар-2026” тэмцээний барилгын бүтээц угсралт, өрөг угсралтын төрөлд “Өмнийн тулга” ХХК-ийн барилгачин Ц.Даваадорж, барилгын шал, хананы засал чимэглэл, хуурай хийцийн төрөлд “Зам бүрд контракшн” компанийн барилгачин С.Сэлэнгэ, барилгын шал, хананы засал чимэглэл, хавтанцар наах төрөлд “Төгөлдөр илч” ХХК-ийн барилгачин Я.Дамдиндорж, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын төрөлд "Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц" ТӨК-ийн ажилтан Б.Дүгэрсүрэн нар тус тус тэргүүн байрт шалгарчээ.


Барилгын угсралт, зураг төсөл, өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй 115 аж ахуйн нэгж байгууллага Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. 


Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2023-2025 онд барилгын салбарын 37 аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтаар 646 зөрчил илрүүлж, 17 албан шаардлага хүргүүлсэн бөгөөд ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилт 49.9 хувьтай байна.

 

Цаашид барилгын салбарт анхаарах асуудал, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангаж орон нутгаасаа бэлтгэж чадваржуулах, салбартаа ур чадвартай ажиллах хүч бэлтгэхэд мэргэжлийн холбогдох байгууллагуудын оролцоо чухал гэдгийг онцолж, хамтын уялдааг хангаж үр дүн гаргахыг салбарынхан чухалчиллаа.


 

Холбоотой мэдээ