ӨМНӨГОВЬ: “Модны доктор” төслийг эхлүүлж 1000 мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-16 18:19:47

Даланзадгад, оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/“Модны доктор” төслийн хүрээнд “Ногоон хэрэм”-ийн 5 дугаар талбайд Даланзадгад сумын долоон сургуулийн 250 сурагч 1000 модны суулгац тарьжээ.


“Модны доктор” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Өмнөговь аймгийн Байгаль орчны газар, Боловсрол, шинжлэх ухааны газар болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тусгай зөвлөхийн статустай “Он хаппи” ТББ хамтран өнгөрсөн сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.


Төслийн зорилго нь сурагчдыг мод суулгаад орхих бус, арчилж ургуулах, судалгааны ажил хийж ном, товхимол гаргах, мөн хамгийн сайн ургуулсан сурагчдад БНСУ-д очиж туршлага судлах боломж олгоход чиглэж байна.


Энэ хүрээнд ЕБС-ийн экологийн клубийн сурагчид “Модны доктор” төслийн хүрээнд энэ сарын 16-нд “Хайрын төгөл”-ийг хамтран байгуулжээ.


Мод тарих ажилд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, төслийг санхүүжүүлэгч “Он хаппи Монгол” ТББ-ын тэргүүн Бэ Ин Шиг болон аймгийн Байгаль орчны газар, төслийн багийнхан оролцон сурагчидтай мод тарьж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

  •  






  • Холбоотой мэдээ