БАЯНХОНГОР: Брайл үсгийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарыг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-16 14:26:06
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг "Брайл цонх" хөтөлбөрийг хэрэгжүүлж, харааны бэрхшээлтэй 17 иргэн, 73 төрийн албан хаагчийг 14 хоногийн турш брайл үсгийн сургалтад хамрууллаа.

Баянхонгор аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, 5 зорилт, 34 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь “Брайл цонх” юм. Энэ удаагийн сургалтаар харааны бэрхшээлтэй иргэд төслийн эхний шатанд хамрагдан, брайл үсгээр унших, бичих чадвараа сайжруулж, өдөр тутмын амьдралдаа бие даан оролцох боломжоо нэмэгдүүллээ. Харин сургалтад оролцсон төрийн албан хаагчид брайл үсгийг түгээн дэлгэрүүлэх, бусдад заан сургах ур чадвар эзэмшиж, “Сургагч багш”-ийн гэрчилгээтэй болжээ.

Харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, мэдлэгийг дэмжих бодлогын хүрээнд аймгийн Нийтийн номын сан брайл үсгээр хэвлэгдсэн Монгол Улсын Үндсэн хууль зэрэг ном, бүтээлээр сан хөмрөгөө баяжуулж байна.

Сургалтын төгсгөлд оролцогчид сурч эзэмшсэн мэдлэг, ур чадвараа олон нийтэд таниулах зорилгоор үзэсгэлэн гаргаж, бүтээлээ дэлгэн танилцуулжээ. Тус үзэсгэлэн нь харааны бэрхшээлтэй иргэдийн идэвх оролцоо, суралцах эрмэлзэл, хөгжих боломжийг илтгэсэн онцлох ажил болсон байна.

“Брайл цонх” төслийг хэрэгжүүлэхэд аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо" ТББ, “Ариун бичээс” нийгэмлэг, "Монгол кампус крусэйд фор крайст" зэрэг байгууллага хамтран ажиллажээ.
Холбоотой мэдээ