ӨМНӨГОВЬ: Б.Төгс-Эрдэнэ Азийн аваргад оролцох болзлоо хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Залуучуудын усан спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд “Шүтээн-Эрдэнэ” клубийн тамирчин Б.Төгс-Эрдэнэ 13-14 насны ангилалд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг хангажээ.
Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооноос зохион байгуулсан залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж, 29 клубийн 13-18 насны 278 тамирчин оролцжээ.
Тодруулбал, тамирчин Г.Үжин хоёр хүрэл, Т.Эрхэс 2 хүрэл, Э.Энэрэлт нэг хүрэл, М.Цэцэглэн нэг мөнгө, гурван хүрэл, Д.Эрдэнэбаяр хоёр мөнгө, гурван хүрэл, Б.Оргилмаа долоон алт, хоёр мөнгө хүртсэн бол 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр тамирчин Б.Оргилмаа 58.91 секундийн амжилтаар Өмнөговь аймгийн анхны эмэгтэй спортын мастер болжээ.
Бусад тамирчид өмнөх оноос хувийн амжилтаа ахиулан оролцсон байна. Өмнөговь аймгийн хэмжээнд усан спортын нэг клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тогтмол 50-60 суралцагч хамрагддаг.
Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын усан спортын дасгалжуулагч Ц.Түвшин

Өмнөговь аймгийн усан спортын баг тамирчид Эрдэнэт хотод зохион байгуулсан залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 11 алт, 6 мөнгө, 18 хүрэл медаль хүртэн амжилттай оролцлоо. Мөн Өмнөговь аймгаас анх удаа эмэгтэй спортын мастер төрөн гарсан нь бахархам амжилт боллоо.
Б.Оргилмаа спортын мастер цол хүртэж, Б.Төгс-Эрдэнэ 13-14 насны ангилалд түрүүлэн өсвөр үеийн улсын аваргад оролцох эрхээ авлаа. Дэмжлэг үзүүлсэн байгууллага, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
“Шүтээн-Эрдэнэ” клубийн тамирчин Б.Төгс-Эрдэнэ

Би Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч бөгөөд аймгийн усан спортын клубт дөрөв дэх жилдээ хичээллэж байна. 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, гурван зайн төрөлд III зэрэг авч, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсандаа баяртай байна.