ОРХОН: Халдварт болон зоонозын өвчнийг хянах төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр FHI 360 байгууллага болон "Дэлхийн Зөн Монгол" ОУБ хамтран хэрэгжүүлж буй “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх EPIC II” төсөл Орхон аймагт хэрэгжинэ.
Төслийн хүрээнд FHI 360 байгууллагын зөвлөх Н.Энхтүвшин, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын зөвлөх Б.Сувд, С.Дивангар нар аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Уулзалтад Орхон аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай, Тамгын газрын дарга Б.Ганзориг болон ЭМГ, МЭГ, Хойд бүсийн төв-Онцгой байдлын газар, БОГ, ХХААГ, БОЭТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон байна.
Уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, хойд бүсийн аймгуудтай хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцсон байна.
Тус төсөл нь халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад чиглэж байна.
Төслийг хэрэгжүүлснээр тус аймагт халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавх нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо илүү бэхжих ач холбогдолтой юм.