ӨВӨРХАНГАЙ: Эрдэнэ зуу хийдийн 440 жилийн ой энэ онд тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-15 14:07:50

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын түүх, соёл, буддын шашны үндэс суурь болсон Эрдэнэ зуу хийдийн 440 жилийн ой энэ онд тохиож байна.


Эрдэнэ зууг Чингис хааны алтан ураг Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз Жалайр хунтайжийн ач Автай сайн хан 

1586 онд Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурин дээр байгуулжээ.


Мөн онд үл барагдах нэрт гал нохой жилийн элдэв төгөлдөр хэмээх зуны дунд сарын 15-ны өдөр сүмийн нурууг босгож, тэндээс уламжилснаар гурван зуугийн сүм шүтээн лүгээ сэлт үлэмж хэтэрхий нэгжийг байгуулав. Үүнд бүтээсэн бурхны эрхэм нь гурван цагийн бурхан болой.

Далай ламаас өөрийн төлөөний Лодойнямбуу хэмээх ламыг илгээснийг Эрдэнэ зуугийн сүмд залж гал гахай жилд /1587/ аравнай үйлдүүлэхийн сацуу Далай ламын гэгээн бээр цэцгийн хур оруулж адисласнаар Халхын Бат-Эрдэнэ-Зуу хэмээн алдаршив. Эрдэнэ зуугийн эрхэм шүтээн Гомбогүр болой” хэмээн түүхэнд бичиглэн өгүүлжээ.




Эрдэнэ зуугийн сүм дуганууд нь XVII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт бүтээлүүд болох гар зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар ирсэн түүхтэй.


1872 оны байдлаар нийт 62 сүм, дуган 500 гаруй барилга байгууламж, 1500 орчим ламтай байв.

Он жил, цаг хугацааны хүнд бэрхийг даван туулсаар өдгөө түүх, соёлын үнэт өв болон хадгалагдаж буй Эрдэнэ зуу хийдийг шашин, түүх, аялал жуулчлалын нэгдсэн соёлын төв болгон хөгжүүлж байгаа юм. Одоогоор долоон сүм, түр үзэсгэлэнгийн танхимд 7400 гаруй үзмэр, 120 орчим хосгүй бүтээл байна.


Ойн хүрээнд музейг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох бодлого баримталж, соёл, шашны өвийг сурталчлах үзэсгэлэн, бусад үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Музейн захирал Н.Төмөрбаатар 440 жилийн түүхтэй, түүх соёлын хосгүй дурсгал “Эрдэнэ зуу музей”-г зорин ирэх урсгал жилээс жилд нэмэгдэж байна. Энд Абтай сайн хаан, түүний хүү Түшээт хан Гомбодорж нарын бунхан, Монголын эзэнт гүрний үеийн бичигт хөшөөнүүд, гол шүтээн болсон бурхад, шашны соёлын ховор нандин эд зүйлүүд хадгалагдаж байна. Тиймээс иргэд түүх, соёлдоо хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцсаа өмсөж ирэх болсон” хэмээлээ. 

Холбоотой мэдээ