БАЯНХОНГОР: Т.Жавхланзаяа олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-14 12:16:23

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Төгс алгоритм” сургуулийн 12б ангийн сурагч Т.Жавхланзаяа Европын “Охидын математикийн 15 дугаар олимпиад EGMO-2026”-аас мөнгөн медаль хүртжээ.


Франц улсын Бордо хотноо энэ сарын 9-15-ны хооронд зохион байгуулж буй тус олимпиадад дэлхийн математикийн шинжлэх ухааны тэргүүлэгч 65 улсын 260 охин оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Сурагч Т.Жавхланзаяа тус олимпиадад оролцогч 260 охиноос 31 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бол Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагнал хүртэж, нийт 65 орноос 13 дугаар байрт жагсжээ.


Энэхүү олимпиадад Монголын баг 2018 оноос хойш зургаа дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ хугацаанд Монголын багийн хүртсэн гурав дахь мөнгөн медаль нь энэ болж байна. Тус олимпиадын алтан медалийн болзол 23 оноогоор тогтоогдсон бол сурагч Т.Жавхланзаяа 22 оноо авч мөнгөн медалийн болзол хангасан байна.


Сонирхуулахад, Баянхонгор аймагт энэ сард Монголын математикийн 62 дугаар олимпиад болсон бөгөөд 11-12 дугаар ангийн ангилалд "Төгс алгоритм" сургуулийн сурагч Т.Жавхланзаяа, 9-10 дугаар ангийн ангилалд Ө.Номин-Эрдэнэ нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.


Холбоотой мэдээ