БАЯНХОНГОР: Салхи 28 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оын дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянцагаан, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-28 метр хүрч шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, малаа хол бэлчээхгүй, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг дагахыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто машин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, иргэдийн холбоо тасрах зэрэг тохиолдол гарч болзошгүй тул жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Энэ сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр хугацааны эхээр салхи шуургатай, сэрүүвтэр байх бол 14-15-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар, 18-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи энэ сарын 16, 17, 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр, 14, 18, 22-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурах төлөв гарчээ.
Мөн хугацаанд агаарын температур хангайн нутгаар шөнөдөөө -6 -11 градус хүйтэн, өдөртөө +6 +11 градус дулаан, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -2 -7 градус хүйтэн, өдөртөө +9 +14 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +18 +23 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +8 +13 градус, өдөртөө +24 +29 градус дулаан байна.