ТӨВ: Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Х.Тэмүүлэнд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-14 10:49:38

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Үндэсний шигшээ багийн тамирчин, засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Хадбаатарын Тэмүүлэнд хүндэтгэл илэрхийллээ.


Тэрээр 2025 онд Тайландын Хаант Улсын Бичит хотод зохион байгуулсан засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараанд мөнгөн медаль, 2026 онд Саудын Арабын Хаант Улсын Аль Кассим хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн юм.


Шилдэг тамирчиндаа баяр хүргэж, алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн амжилтыг нь онцоллоо. Мөн 800 мянган төгрөгийн “Батламж”-ийг гардуулжээ.


Аймгийн Биеийн тамир, спортын газраас нэг сая төгрөгийн шагнал, Монголын Дугуйн Холбооноос Олон улсын хэмжээний мастер цол, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Олимпын алдар” медаль, “Төв ургац” дугуйн клубийн тэргүүн С.Энхбаяр, О.Ганзориг нарын зүгээс хоёр өрөө байрны түлхүүр, “Saloni” ХХК-иас хоёр өрөө байрны иж бүрэн тавилгыг тус тус гардууллаа.


Мөн Монголын Дугуйн Холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон хувиасаа 7 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, ахмадын зөвлөл, дасгалжуулагчид, тамирчдын төлөөлөл зэрэг олон хүн хүндэтгэл илэрхийлэв. 

Холбоотой мэдээ