ӨМНӨГОВЬ: Мал, мах төхөөрөх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд дуусна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ханбогд сумын ЗДТГ, “Оюу толгой” компани болон малчдын төлөөллөөс бүрдсэн гурван талт зөвлөлийн шийдвэрийн хүрээнд хэрэгжиж буй мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэрийн шав тавих ёслол энэ сарын 13-ны өдөр боллоо.
Энэхүү төслийг малчдын гомдол барагдуулах гэрээний хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нарийвчилсан судалгаа, тооцооллыг гурван талт зөвлөлөөс урт хугацаанд хэлэлцэн боловсруулж, Ханбогд сумын хөгжлийн бодлого болон мастер төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлж байна.
Тус үйлдвэр нь өдөрт 100 бог, 10 бод мал боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрийн барилгыг 18.5 тэрбум төгрөгөөр нийт 3 га талбайд барих бөгөөд “Оюу толгой” үйлдвэр бүрэн хариуцах юм. Барилгын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгаж, "Галбын говийн торгон сүрэг" дундын хоршоонд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Автомат ажиллагаатай, хүнсний аюулгүй байдлын шаардлага
хангасан, өөрийн цэвэрлэх байгууламжтай, саарал ус дахин ашиглах системтэй тус
үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо
боловсруулж, нэмүү өртөг шингээх, Ханбогд болон ойр орчмын сумдын мах
бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, уул уурхайн бүсийн хүнсний хангалтыг
дотоодоос хангах зэрэг олон талын ач холбогдолтой.