БАЯНХОНГОР: Өсвөрийн даамчид дэлхийн аваргын сорилгод оролцох эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-13 14:52:51
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан Өсвөрийн даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Баянхонгор аймгийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцжээ.

Тэмцээнд 670 гаруй өсвөрийн тамирчин оролцсон бөгөөд Баянхонгор аймгаас 67 тамирчин өрсөлдсөнөөс Г.Сүхбат багштай "Сэтгэмж" клубийн тамирчин О.Амингүнж амжилттай оролцож, дэлхийн аваргын сорилго тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

Тодруулбал, 5-6 насны ангилалд Отгонбаярын Амингүнж 100 буудалт даамын үндсэн төрөлд шагналт 8 дугаар байр, рапид төрөлд 5 дугаар байр, блиц төрөлд 4 дүгээр байр эзэлжээ. Мөн 64 буудалт блиц төрөлд аваргын алтан медаль, 64 буудалт үндсэн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр даамын спортын II зэрэгтэй тамирчин юм.
Тэмцээнд “Оюуны нүүдэл” клубийн шигшээ багийн 27 тамирчин оролцсоноос 100 буудалт даамын спортын I зэрэгтэй, 2026 оны аймгийн аварга тамирчин Б.Солонго 100 буудалт даамын үндсэн төрөлд шагналт 9 дүгээр байр эзэлж, дэлхийн аварга шалгаруулах сорил тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Тэрбээр мөн 100 буудалт даамын блиц төрөлд 10 дугаар байрт шалгарчээ.

100 буудалт даамын спортын I зэрэгтэй Г.Мөнгөнцэцэг 100 буудалт даамын блиц төрөлд 6 дугаар байр эзэлж, 64 буудалт даамын блиц төрөлд дэд байр хүртсэн байна. Мөн 100 буудалт даамын спортын дэд мастер С.Хүслэн блиц төрөлд 15 дугаар байр эзэлсэн бол 100 буудалт даамын спортын дэд мастер Ч.Номингэрэл 100 буудалт даамын үндсэн төрөлд шагналт 11 дүгээр байр, 64 буудалт даамын үндсэн төрөлд 7 дугаар байрт шалгарчээ.

Харин 100 буудалт даамын спортын дэд мастер, 2024 оны Ази тивийн аварга, 2024 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ц.Мөнхбаяр 2026 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 100 буудалт даамын үндсэн төрөлд 11 дүгээр байр, блиц төрөлд 4 дүгээр байр, 64 буудалт даамын блиц төрөлд 6 дугаар байр, 64 буудалт даамын үндсэн төрөлд 8 дугаар байр, рапид төрөлд 8 дугаар байр эзэлжээ. Тэрбээр бүх төрөлд тогтвортой, жигд амжилт үзүүлсэн байна.

Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Завхан зэрэг аймгаас шилдэг даамчид оролцжээ.
Холбоотой мэдээ