ОРХОН: Хүндэтгэлийн барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-13 09:05:41

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл илэрхийлэх хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 4 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. 


1996 оноос эхлэн үндэсний бөхийн цолын хүндэтгэлийн барилдааныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн цорын ганц аймаг бол Орхон юм. Тус барилдааныг тухайн үеийн бөхийн өнгийг тодорхойлж, наадамчин олныг уран мэхээрээ бишрүүлж явсан залуу зургаан зааны алдар гавьяаг алдаршуулах зорилгоор анх зохион байгуулж эхэлжээ.


Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон манлайлж, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Д.Анар, М.Лхагвагэрэл, Ц.Одбаяр, Б.Серик, Д.Хүдэрбулга нар тэргүүтэй улс, аймгийн цолтой 128 бөх зодоглон уран мэхээ уралдууллаа.


Барилдаанд Төв аймгийн харьяат, улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв. Харин Дорнод аймгийн харьяат, улсын заан Д.Анар, Төв аймгийн харьяат, улсын заан Б.Батмөнх нар шөвгөрлөө.


Монгол бөхийн өргөөний хүндэтгэлийн хойморт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас төрөн гарсан анхны Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон Эрдэнэт хотоос төрөн гарсан алдар, гавьяатнууд хүндэт зочноор оролцлоо.


50 жилийн түүхт ойн хүрээнд өрнөж буй олон үйл ажиллагааны нэг нь улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх энэхүү хүчит бөхийн барилдаан юм.


Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр, “Эрдэнэт хотын 50 жилийн түүх нь зөвхөн Эрдэнэтийнхний бус Монгол Улсын нийт иргэдийн бахархалт түүх юм. Тус хот байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж, шинэ суурьшил, шинэ өнгө төрх, шинэ соёлыг бий болгосон идэр залуу хот юм.

Эрдэнэтийн овооны орд газрыг түшиглэн Эрдэнэт хотыг барьж байгуулах үйлсэд идэр залуу нас, ирмүүн хөдөлмөрөө зориулсан үе үеийн аймаг, хотын удирдлагууд, илгээлтийн эзэд, анхдагчид, ахмадууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон уурхайчин хамт олноороо бахархаж байна" хэмээн нээлтийн үгэндээ онцолсон юм.


Монгол төрийн наадмын дэвжээнд эр бяр, авхаалж самбаа, ёс жудаг, тэсвэр хатуужлаараа шалгаран “Улсын заан” хэмээх эрхэм цолыг хүртдэг нь монгол бөхийн сүр хүч, ур ухаан, тэсвэр тэвчээр, чадал чансааг илэрхийлэх дээд цолын нэг юм. Энэхүү цолыг 1921 оноос хойш 153 бөх хүртсэн бөгөөд өдгөө 31 улсын заан цолтон байна. Аймгийн удирдлагууд барилдааны үеэр заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл илэрхийлж гарын бэлэг гардуулсан юм.






















Холбоотой мэдээ