ӨМНӨГОВЬ: Уран зургаар дамжуулан экологийн боловсрол олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЗДТГ, Соёлын тэргүүний ажилтан, зураач А.Сонинбаяртай хамтран “Ус түгээх цэгийг урлаг түгээх цэг болгоё” уриан дор нөлөөллийн ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Аяны зорилго нь иргэд, хүүхэд багачуудын
байгаль орчноо хайрлан хамгаалах хандлага, төлөвшлийг нэмэгдүүлэх, соёлын үнэт
зүйлсийг түгээн дэлгэрүүлэх юм.
Тус ажлын хүрээнд 2025 онд 11, 28, 41, 43 дугаар ус түгээх
байр, 2026 онд 5, 25, 37, 48 дугаар ус түгээх байр буюу нийт 8 ус түгээх байрны
гадна хананд засвар, шинэчлэл хийж, хуучирч муудсан шаврыг хусаж цэвэрлэн,
зориулалтын, удаан эдэлгээ бүхий будгаар байгаль орчноо хайрлах үзэл санаа,
соёлын агуулга бүхий уран зургуудыг бүтээжээ.
Ингэснээр тухайн орчны өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн экологийн боловсрол, соёлын ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эерэг нөлөөллийг бий болгож байгаагаараа онцлогтой.




